АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Венесуэлээс газрын тос, байгалийн хий худалдан авсан аливаа улсад 25 хувийн татвар ногдуулах шийдвэрээ зарлалаа. Тэрбээр “Венесуэл нь АНУ болон бидний эрх чөлөөг үгүйсгэдэг, дайсагнасан улс хэвээр байна” хэмээн “Truth Social” платформ дээрээ мэдэгдэж, энэ шийдвэрийг үндэслэлтэй гэж тайлбарлав.
Трампын хэлснээр, Венесуэл АНУ руу “Трен де Арагуа” гэх мэт гэмт хэргийн бүлэглэлийн гишүүдийг илгээж байсан нь энэ шийдвэрт нөлөөлжээ. Мөн эм, автомашин, модон материалын импортод 25 хувийн тариф тогтоох төлөвтэй байгаагаа илэрхийлсэн ч, одоогоор энэ татваруудыг хойшлуулж магадгүй байгаа тухай мэдээлэл гарсан юм. Харин дөрөвдүгээр сарын 2-ноос бусад улс оронд ногдуулах татварын албан ёсны хэмжээг зарлана гэж Трамп мэдэгджээ.
Венесуэл улс 2024 онд АНУ-д нийт 5.6 тэрбум ам.долларын газрын тос, байгалийн хий нийлүүлсэн нь өмнөх онд Жо Байдены засаг захиргаа хоригийг түр цуцалсантай холбоотой юм. Харин 2024 оны дөрөвдүгээр сараас Венесуэлийн удирдлага чөлөөт сонгууль явуулаагүй гэх үндэслэлээр АНУ эдгээр хоригийг дахин сэргээсэн байна.
Гэсэн ч “Chevron” компани тусгай зөвшөөрлийн дагуу Венесуэлээс газрын тос олборлон АНУ-д нийлүүлсээр байгаа бөгөөд энэ зөвшөөрлийн хугацаа тавдугаар сарын 27 хүртэл сунгагджээ. Энэ шийдвэр нь Д.Трамп өнгөрсөн долоо хоногт "Chevron"-ын удирдлагуудтай уулзсаны дараа гарсан байна.
Түүнчлэн, АНУ-аас Венесуэл руу цагаачдыг албадан буцаах ажиллагааг дахин эхлүүлж, өнгөрсөн даваа гарагт 200 иргэнийг хүлээн авсан байна. АНУ-ын талаас Венесуэлийн цагаачдыг хүлээн авахаас татгалзсан хандлагын хариуд анх "Chevron"-ын зөвшөөрлийг хүчингүй болгохоор төлөвлөж байсан гэж мэдээлжээ.
Эх сурвалж: CNN.