НИТХ-ын ээлжит бус V хуралдаан өнөөдөр эхэллээ. Хуралдааны эхэнд “Миний бэлэг” морин хуурын сургалтын төвийн сурагчид төрийн дуулал эгшиглүүлж, төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлсэн юм. НИТХ-ын дарга А.Баяр үг хэлэхдээ “Монголынхоо өв соёлыг хойч үедээ түгээн дэлгэрүүлэх, монгол гэх омогшил, эх оронч сэтгэлгээг бэхжүүлэхэд НИТХ үргэлж нээлттэй ажиллах болно” хэмээгээд сургалтын төвийн багш СТА Б.Номуундэлгэр болон сурагчдад талархал илэрхийлэв.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулж, дараах сэдвүүдийг төлөөлөгчид хэлэлцэж байна. Үүнд:
-
Улаанбаатар хотод метро байгуулах төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г дэмжих тухай
-
Хэсгийн ахлагч нарын урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай
-
Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай
-
Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын нэр, дүрэм шинэчлэн батлах тухай
-
Төслийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай
-
Өмчийн оролцоотой компанийн гүйцэтгэх захирлын үндсэн цалингийн дээд хязгаарыг тогтоох тухай
-
Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 100 жилийн ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай
-
Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
-
Нийслэлийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
-
Нийслэлийн өмчөөс 2025 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай
Харин Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд цахилгаан болон хийн халаагуур суурилуулах, хэрэглээнд үнийн урамшуулал олгох журамтай холбоотой асуудлыг төлөөлөгч Д.Ихбаярын саналын дагуу хойшлуулж, дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр болов.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ