Засгийн газрын ээлжит хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах тогтоолыг баталжээ. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар танилцуулга хийсэн байна.
Тэрбээр:
"Нийслэлд 200 мянга гаруй айл хатуу түлш хэрэглэж, 804 мянган машин хөдөлгөөнд оролцож байна. Үүн дээр цахилгаан станцууд зэрэг эх үүсвэрүүд агаарыг бохирдуулж байгаа тул 2025-2026 онд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 32-50 мянган айлыг хийн түлшинд шилжүүлэх тогтоолыг баталлаа" гэж мэдэгдлээ.
Хийн түлшинд шилжүүлэх төлөвлөгөө
- Хатуу түлшнээс татгалзсан өрхүүдэд хийн зуух байрлуулах, дулааны шийдэл гаргах
- 2025.09.15 - 2026.05.15 хүртэл хийн түлш хэрэглэсэн өрхүүдэд 100 мянган төгрөгийн татаас олгох
- Гэр хорооллыг бүсчлэн яамдад хариуцуулж, дулаан алдагдлыг бууруулах чиглэлээр ажиллуулах
- Төрийн цэргийн байгууллагууд болон төрийн өмчит компаниуд энэ ажлыг дэмжиж оролцох
Хийн түлшний хэрэглээ хоёр дахин нэмэгдэнэ
- Монгол Улсын хийн түлшний жилийн хэрэглээ 46 мянган тонн
- 32-50 мянган айлыг хийн түлшинд шилжүүлснээр хэрэглээ 100 мянган тонн болж өсөх
- Хийн түлш импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээний төсөл боловсруулж байна
Хотын даргын онцолсноор, агаарын бохирдлыг бууруулах ажлыг бүх яам, төрийн байгууллагууд хамтран хариуцах бөгөөд айл өрхийн дулаан алдагдлыг бууруулах, стандартад нийцүүлэх ажлыг эрчимжүүлнэ.