Наурызын баярт зориулсан уламжлалт барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таванхан” дэвжээний бөх, улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, заан С.Сүхбат үзүүрлэв.
Наурызын баярын барилдаанд түрүүлсэн бөх “Приус-30” маркийн автомашины эзэн болсон бол үзүүрлэсэн нь дөрвөн сая төгрөг гардлаа. “Өлгийн хүчтэн” дэвжээнээс түрүү бөхөд хоёр дахь жилдээ автомашин гардуулж байгаа нь энэ юм. Улсын арслан Б.Орхонбаярын тухайд бөхийн өргөөнд болсон барилдаанд найм дахиа түрүүлэв. Түүний хувьд 2024-2025 оны улиралд хоёр түрүүлж, нэг их шөвөг, нэг дунд шөвөгт шалгарсан амжилттай болж байна.
Энэхүү барилдааны их шөвөгт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Бес Богда” дэвжээний бөх, заан Б.Серик нар шалгарлаа. Харин наймд улсын харцага Ц.Мөнхбаяр, Т.Сайханжаргал, улсын өсөх идэр начин Н.Мустафа, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар үлджээ.