Дуурийн урлагийн олон улсын нэр хүндтэй “Opera World” цахим хуудсаас гаргасан 2024 оны жагсаалтаар Монгол Улсын Ардын жүжигчин, Соёлын элч Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон дуучнаар шалгарлаа. Тэрбээр 52 долоо хоногийн турш дэлхийн томоохон тайзууд дээр дуулж, 5900 оноогоор жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд Францын баритон 5200, Оросын дуучин 4800 оноо авч дараагийн байруудад бичигдэв.
Энэхүү жагсаалтад багтахын тулд уран бүтээлч нь Метрополитан, Ла Скала, Парисын үндэсний дуурийн театр зэрэг дэлхийн шилдэг дуурийн тайзнуудад тоглосон байх шаардлагатай. Дуучин бүрийн бүтээлийг мэргэжлийн шүүмжлэгчид үнэлж, 52 долоо хоногийн үзүүлэлтээр эцсийн оноог гаргадаг байна.
Э.Амартүвшин “Сан Карло” (Итали), “Champs-Élysées” (Франц), Киль (ХБНГУ), Валенсиа (Испани), Тел Авив (Израиль), Большой театр (ОХУ), Сувдан театр (БНХАУ) зэрэг олон улсын нэр хүндтэй тайзнуудад амжилттай уран бүтээлээ туурвижээ.
Түүний хүртсэн шагналуудаас дурдвал:
-
2011 онд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд хоёрдугаар байр (ОХУ)
-
2012 онд “Operalia” тэмцээний тэргүүн байр (БНХАУ)
-
2015 онд “Cardiff Singer of the World” тэмцээн (ВВС-ийн тусгай шагналтай)
-
2018 онд "Bravo" шагнал, “Набукко” дуурийн гол дүрээр амжилт үзүүлсэн
-
2019 онд Италийн Торино хотын “Театро Рэжио”-д дуулсан
Э.Амартүвшин өмнө нь 2021 онд мөн дэлхийн шилдэг баритон дуучнаар нэрлэгдэж байсан юм. Түүний уран бүтээл зөвхөн Монголыг биш, дэлхий дахинд монгол дуу хоолой, авьяасыг бахархалтайгаар таниулж буй чухал үйл явдал боллоо.
Эх сурвалж: Opera World