Засгийн газраас хэрэгжүүлж буй “Атрын IV” аяны хүрээнд газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн салбарт инноваци, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх зорилготой “Технологийн 7 хоног” арга хэмжээ Дархан-Уул аймагт үргэлжилж байна.
Энэ хүрээнд “Мал бордох технологи нэвтрүүлж махны үйлдвэрлэлийг нэмэх”, “Махны экспортод чиглэсэн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх”, “Махны экспорт ба малын эрүүл мэнд”, “Хамгаалалттай аж ахуйн хувилбарууд” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага солилцох, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар оролцогчид ярилцав.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр хэлэлцүүлгийн үеэр махны үхрийн үржлийг дэмжих шаардлагатайг онцлоод, энэ нь хүнсний хангамжийг сайжруулах, экспортын шинэ гарц бий болгох, орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой гэв. Тэрбээр тэжээлийн үйлдвэрийг хөгжүүлэх, хадлан, дарш, ногоон тэжээл үйлдвэрлэлийг тогтвортой болгох, мал эмнэлгийн тогтолцоог шинэчлэх шаардлагатайг дурдсан юм.
Мөн махны чанар, эрүүл мэндийн баталгаажуулалт, боловсруулах үйлдвэрлэл, хүйтэн сүлжээ бүхий экспортын бэлтгэлийг хангах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх бодлого хэрэгжүүлэх ёстойг тэмдэглэлээ.
Салбарын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд инновацын шийдэл чухал үүрэгтэйг салбар яамнаас мэдээлсэн байна. Үүнд:
-
Үүлдэр угсааны сайжруулалт
-
Хиймэл үржил, генетикийн дэвшилтэт арга
-
Ухаалаг мал аж ахуйн менежмент
-
Дижитал платформ ашиглалт
-
Тэжээлийн үр ашиг, махны чанар, уур амьсгалын судалгаа
-
Залуу судлаач, шинэ санаачлагчдын оролцоог нэмэгдүүлэх зэрэг бодлогын чиглэлүүдийг онцолжээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ