Колумбийн алдарт дуучин Шакирагийн Мехико хотод хийх долоон тоглолтыг үзэхээр тивийн өнцөг булан бүрээс шүтэн бишрэгчид ирж байгаа нь Мексикийн эдийн засагт олон арван сая ам.долларын орлого оруулах хүлээлт үүсгээд байна. Мексикийн Үндэсний худалдааны танхимаас мэдээлснээр, тус тоглолтууд нь нийт 3.2 тэрбум песо буюу 160 сая ам.долларын эдийн засгийн өгөөж бий болгоно гэж тооцоолжээ.
Шакирагийн “Women Don't Cry Anymore” нэртэй аялан тоглолтыг үзэхээр Хондурасаас ирсэн 32 настай Мария гэх бүсгүй нислэг, зочид буудал, тасалбар зэрэгт нийт 1000 орчим ам.доллар зарцуулсан байна. Мөн Мексикийн хойд нутгийн Чихуахуа мужаас ирсэн Деванхи гэх шүтэн бишрэгч тав хоногийн хугацаанд ойролцоогоор 1000 ам.доллар зарцуулсан бөгөөд үүний 400-г тоглолтын тасалбарт, 200-г онгоцны тийзэнд зориулжээ. Тэднийх шиг олон мянган жуулчин энэ удаагийн тоглолтыг үзэхээр нийслэлийг зорьж буй.
Худалдааны танхимын мэдээлснээр:
-
455 мянган тасалбарын борлуулалт нийт орлогын тал хувийг бүрдүүлэх бөгөөд
-
Зочид буудал, байрлах үйлчилгээ 43.9 сая ам.доллар
-
Зоогийн газар, ундааны худалдаачид 27 сая ам.долларын орлого олох хүлээлттэй байна.
Энэ үзүүлэлт нь АНУ-ын супер од Тейлор Свифтийн 2023 онд Мехикод хийсэн дөрвөн тоглолтоос олсон 50 сая ам.долларын орлогыг давж, дээд амжилт тогтоох төлөвтэй байна.
Эх сурвалж: AFP