“Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх, түр хугацаагаар орж ирж буй тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчийг жолоочийн даатгалд хамруулах журам”-ыг өөрчилсөн тухай Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ. Энэхүү өөрчлөлтөөр хилийн боомтоор орж ирж буй гадаадын тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нарыг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд бүрэн хамруулж, осол гарсан тохиолдолд хохирлыг даатгалаар барагдуулах нөхцөлийг бүрдүүлжээ.
Шинэчилсэн журмын гол өөрчлөлтүүд нь:
-
Хилийн бүсэд орж ирж буй тээврийн хэрэгслүүд жолоочийн даатгалд заавал хамрагдана.
-
Зам тээврийн ослын үед хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх боломжтой болно.
-
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлж, төрийн оролцоог бууруулна.
-
Хилийн бүс, зурваст зөвшөөрөл олгох үйл явцыг хялбаршуулна.
Мөн “Хилийн боомтод даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулах компанийг сонгон шалгаруулах журам”-ыг хүчингүй болгосон байна. Үүний үр дүнд:
-
Нэг даатгалын зуучлагч компанид төвлөрүүлдэг тогтолцоо цуцлагдаж,
-
Хилийн боомтод ажиллах хүсэлт гаргасан бүх даатгалын зуучлагч компаниуд Хил хамгаалах ерөнхий газраас зөвшөөрөл авч ажиллах боломжтой боллоо.
-
Зуучлагч компани нь хэд хэдэн даатгалын компанийг төлөөлөн ажиллах зохицуулалттай болсноор хэрэглэгчид сонголттой болох юм.
Эдгээр өөрчлөлт нь жолоочийн даатгалын хэрэгжилтийг эрчимжүүлж, хилийн боомт дахь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, улмаар даатгуулагч болон хохирогчдын эрх ашгийг хамгаалахад чиглэж буйг Санхүүгийн зохицуулах хороо онцолжээ.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо.