Манай улсын Гашуунсухайтын боомтоор өдөрт 1000 гаруй нүүрс тээврийн автомашин хил давж, экспорт хэвийн үргэлжилж байна. Энэ нь нүүрсний экспортын 55, зэсийн баяжмалын экспортын 60 хувийг дангаар бүрдүүлдэг чухал боомт юм. Харин Шивээхүрэнгийн боомтоор Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг найман аж ахуйн нэгж нүүрс экспортолж буй. Тэд өнгөрсөн онд 24 сая тонн нүүрс гаргасан бол ирэх 2025 онд 25-26 сая тонн экспортлохоор зорьж, Засгийн газарт асуудлаа уламжилжээ.
Уул уурхайн бүтээгдэхүүний тээвэр, хил дээрх ачааллыг оновчтой зохион байгуулах, экспортын үйл явцыг эрчимжүүлэхээр Ажлын хэсэг байгуулагдан Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцав. Энэхүү ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар удирдаж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өгсөн байна. Мөн аж ахуйн нэгжүүдийн санал хүсэлтийг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болсон байна.
Ханги боомт нь гадаад худалдааны эргэлт, экспортын тэлэлтэд чухал үүрэгтэй. Тус боомтыг төмөр замаар холбосноор Замын-Үүд, Гашуунсухайтын ачааллыг бууруулж, ирээдүйд хэрэгжих уул уурхайн төслүүдийн гол гарц болох боломжтойг онцолсон. Үүнээс гадна уурхай гүнзгийрч, тээвэр холдож, хөрс хуулалт, олборлолтын өртөг нэмэгдсэн нь аж ахуйн нэгжүүдийн зүгээс төрөөс дэмжлэг шаардлагатай шалтгаан болоод байна. Тэд мөн АМНАТ-ийн тооцооллыг эргэн харах, ажиллах хүчний хомсдолд анхаарахыг сануулжээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан экспортыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хувийн хэвшлийн асуудлыг шуурхай шийдвэрлэж, хамтдаа зах зээлийн сорилтыг давна хэмээн мэдэгдсэн. Сайд нар Шивээхүрэнгийн боомтод нүүрсний тээвэр саатаж буй шалтгаан нь хил, гаалийн сүлжээний доголдол гэж үзэн, дахин ийм байдал үүсгэхгүй байхыг албаныханд анхааруулсан байна.
Мөн Ажлын хэсэг Шивээхүрэн–Сэхэ боомтын нарийн царигийн төмөр замын хил холболтын бүтээн байгуулалт, чингэлэгт терминал, AGV тээврийн систем, "Тэлмэн Ресурс" компанийн хэрэгжүүлж буй нүүрсний давхаргын метан хийн төслийн явцтай танилцжээ. Нүүрсний давхаргын метан хий ашиглах нь агаарын бохирдлыг бууруулж, эрчим хүч, дулааны шинэ эх үүсвэр бий болгох боломжтойг яамнаас мэдээлэв. Өмнөговь аймагт одоогоор гурван төсөл хэрэгжиж байгаа юм.