Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр Канад улсын “Хууль ба Ардчилал" төвийн гүйцэтгэх захирал, ЮНЕСКО-гийн зөвлөх, хуульч Тоби Менделийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон улсын стандарт, шилдэг туршлагад нийцүүлэх талаар санал солилцов.
Монгол Улсын Засгийн газраас уг хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа бөгөөд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулсан заалтуудад ЮНЕСКО болон “Хууль ба Ардчилал" төв техникийн дэмжлэг үзүүлж байна. Тоби Мендел хуулийн төсөлд хийсэн үнэлгээг танилцуулахдаа: “Энэхүү төсөл нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалахад чиглэж байгааг онцлохын зэрэгцээ зарим заалтыг сайжруулах шаардлагатай” хэмээн тодорхой санал дэвшүүлжээ.
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ЮНЕСКО-гийн ажлын хэсгийн дүгнэлт, зөвлөмжид талархал илэрхийлж, хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэх явцад санаачлагчийн хувьд хамтран ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтад Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа, ХЗДХЯ-ны бодлогын болон гадаад хамтын ажиллагааны газрын дарга нар, “Глоб Интернэшнл" төвийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал болон ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын төлөөлөл оролцсон байна.
Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам