“Цасан гуа” сонгодог үлгэрээс сэдэвлэн бүтээсэн Диснейн уран сайхны кино ихээхэн шүүмжлэл дагуулж байсан боловч Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ.
Уг киноны нээлт өнгөрсөн долоо хоногт болсны дараа дэлхийн кино театруудаас ойролцоогоор 87.3 сая ам.долларын орлого олсон тухай “Box Office Mojo” цахим хуудсанд мэдээлсэн байна. Орлогын тэн хагас орчмыг Хойд Америкийн зах зээлээс олжээ.
Гэхдээ 270 сая гаруй ам.долларын өртгөөр бүтсэн киноны хувьд энэ нь таамаглаж байснаас доогуур үзүүлэлт юм. 1937 онд үзэгчдийн хүртээл болж байсан хүүхэлдэйн киноны уран сайхны хувилбар нь амжилтанд хүрч магадгүй байсан боловч нээлтээс өмнө хэд хэдэн шүүмжлэл дагуулжээ. Тухайлбал, Колумби гаралтай жүжигчин Рэйчел Зеглерийг гол дүрийн жүжигчнээр сонгосон нь шүүмжлэлд өртсөн байна.
Мөн Р.Зеглерийн Палестиныг дэмжсэн сэтгэгдэл, Цасан гуагийн хойд эх, хорон санаат хатны дүр тоглосон Галь Гадотын Израилыг дэмжсэн байр суурь нь олон нийтийн дургүйцлийг төрүүлжээ. Түүнчлэн кинон дахь одойнуудыг CGI технологиор бүтээсэн гэх маргаан үргэлжилсээр байна. Кино үнэлгээний “Rotten Tomatoes” цахим хуудсан дээр “Цасан гуа” кино ердөө 44 хувийн үнэлгээ аваад байгаа бол үзэгчдээс өгдөг “Popcornmeter” үнэлгээ 73 хувьтай байна.