Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Ази, Номхон далайн бүсийн төвийн төлөөлөгчид болох Иргэний нисэхийн аюулгүй байдлын хэрэгжилт хариуцсан Сусанта Ди Сильва, Техникийн туслалцаа хариуцсан Ражу Шреста нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улс АНУ руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлыг эрчимжүүлэн ажиллаж буй энэ үед ICAO-гийн төлөөлөгчид ирж ажиллаж буйд талархал илэрхийлж, агаарын тээврийн салбарын хөгжил, нисэхийн аюулгүй байдлыг хангах нь улс орны хувьд стратегийн чухал зорилт гэдгийг онцолсон байна.
ICAO-гийн төлөөлөгч Сусанта Ди Сильва хэлэхдээ, тус байгууллага нь 183 гишүүнтэй бөгөөд 10 мянга гаруй стандартын дагуу гишүүн орнуудын иргэний нисэхийн үйл ажиллагааг үнэлж, чиглэл өгдөг гэж тайлбарлав. Монгол Улсын агаарын тээврийн дүрэм журмыг урьдчилсан байдлаар сайн хангасан ч:
-
Аюулгүй ажиллагааг улам сайжруулах,
-
Навигацийн үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх,
-
Тоног төхөөрөмжийг шинэчлэх,
-
Бүсийн нислэгийн удирдлагын нөөц төв байгуулах
шаардлагатайг тодотгосон байна.
Мөн төлөөлөгчид Иргэний нисэхийн ерөнхий газарт (ИНЕГ) Чикагогийн конвенцын хэрэгжилт, холбогдох хууль дүрмийн байдал, хяналт зохицуулалтын бүтэц, хүний нөөцийн мэргэшил, сургалт, хяналтын үр нөлөө зэргийг хамарсан үнэлгээ хийж, зөвлөмж өгчээ.
Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам, ИНЕГ.