Олимпийн түүхэнд тодоор бичигдэх үйл явдал боллоо. Зимбабве улсын Спортын сайд, усанд сэлэлтийн Олимпийн хошой аварга Кирсти Ковентри Олон улсын олимпийн хорооны (ОУОХ) 10 дахь ерөнхийлөгчөөр сонгогдож, анхны эмэгтэй, анхны африк гаралтай удирдагч боллоо. Тэрээр 2025 оны зургаадугаар сарын 24-нд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ.
Сонгуульд нийт долоон нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд Ковентри эхний шатанд 50+1 санал авч ялалт байгуулсан байна. Бусад нэр дэвшигчид, тэр дундаа Хуан Антонио Самаранч бага, Себастьян Коу зэрэг туршлагатай өрсөлдөгчид нь санал хураалтын техникийн саатал, дэмжлэгийн хомс байдлаас болж ялагдал хүлээжээ.
Ковентри 2013 оноос хойш ОУОХ-ын тамирчдын комисст, 2023 оноос гүйцэтгэх хороонд багтан ажиллаж байсан бөгөөд олон улсын спортын байгууллагуудад өргөн туршлагатай нэгэн. Тэрбээр мөн WADA-гийн тамирчдын комисс, Серфингийн олон улсын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв.
“Асар их нэр төрийн хэрэг” хэмээн мэдэгдэв
Сонгогдсоны дараа Ковентри “Есөн настай охин байхдаа энэ индэр дээрээс Олимпийн хөдөлгөөнийг удирдана гэж төсөөлж байгаагүй. Энэ бол нэр төрийн хэрэг. Би та бүхний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд тууштай ажиллана” хэмээн мэдэгдсэн юм.
ОУОХ сүүлийн 10 жилд санхүүгийн хувьд 7.7 тэрбум ам.долларын өсөлттэй, 2036-2044 оны Олимпийн тоглолтыг зохион байгуулах сонирхолтой олон хотуудтай гэрээ хийсэн нь тогтвортой удирдлагыг шаардсан нөхцөл байсныг зарим ажиглагч онцолж байна.
Оросын тал найдлага тээж эхэллээ
ОУОХ-ын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон Ковентрид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цахилгаан илгээж баяр хүргэсэн бөгөөд “таны туршлага, нэр хүнд олимпийн үзэл санааг бодит ажил хэрэг болгоход чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэж дурдсан байна.
Оросын спортын сайд Михаил Дегтярёв мөн талархал илэрхийлж, шинэ удирдлага дор Орос улс Олимпийн тавцанд эргэн ирнэ гэсэн итгэл найдвар байгааг онцолсон юм. Ковентри нь өмнөх ерөнхийлөгч Томас Бахын багийн хүн хэмээн дүгнэж байгаа ч түүний удирдлагын үед Оросын багуудын оролцоо, хоригийн асуудалд өөрчлөлт гарна гэж найдаж байна.
ОУОХ-ны ес дэх ерөнхийлөгч Томас Бах 2013 оноос хойш 12 жил тус байгууллагыг удирдсан бол одоо хүндэт ерөнхийлөгчийн статустайгаар үлдэж байна.
Эх сурвалж: Iz.ru, REUTERS