УИХ-ын нэгдсэн чуулганаар нүүрсний хэрэгт шалгагдаж буй гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх асуудлыг хэлэлцэж байна. Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УЕП-оос өнгөрөгч долоо хоногийн баасан гаригийн орой УИХ-ын даргын нэр дээр ирүүлсэн бөгөөд хуульд зааснаар асуудлыг ажлын тав хоногт багтаан хэлэлцэх ёстой. Энэ хугацаа маргааш буюу баасан гаригийн орой дуусах юм.
Өнөөдөр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэхээр чуулганыг нээлттэй эхлүүлсэн боловч хаалттай горимд шилжив. УИХ-ын дарга Г.Занданшатар асуудлыг хаалттай хэлэлцэх үндэслэл, шалтгаан бий эсэх, төрийн нууцад хамааралтай асуудал байгаа эсэхийг тодруулахаар УИХ-ын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өлзийсайханд хандаж, хаалттай, эсвэл нээлттэй хэлэлцэхийг санал хураалтаар шийдэх хувилбарыг санал болгосон боловч “Дэгийн тухай хуулийн 12.2, УИХ-ын тухай хуулийн 22.2 хэсэгт заасан дагуу хаалттай хэлэлцэнэ” гэсэн хариултыг авлаа.
Дээрх хуулийн заалтуудыг харвал, Дэгийн тухай хуулийн 12.2-т “УИХ-ын тухай хуулийн 22.2-т заасан асуудлыг нууцын горимоор хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ”, УИХ-ын тухай хуулийн 22.2-т “Хаалттай хэлэлцэхээр хуульд заасан болон төрийн нууцтай холбоотой асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ” гэсэн байдаг юм байна.
Өөрөөр хэлбэл, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал нь ямар үндэслэлээр “хаалттай хэлэлцэх“, эсвэл “төрийн нууцад хамаарах” асуудал болсныг мэдэж чадалгүйгээр чуулганы хуралдаан хаалттай горимд шилжив. Дахиад л нөгөө хуулийн хийдэл. УИХ-ын гишүүдийн үйлдсэн гэмт хэрэг нь төрийн нууцад хамаараад байна уу, эсвэл гэмт хэргийг шалгасан хуулийн байгууллагын ажиллагаа төрийн нууц болчихов уу? Ядахдаа энэ асуултад хариулт өгч байж чуулганаа хаалттай хуралдуулах ёстой биз дээ.
Хэрэв тэгэхгүй, “хаалттай учраас хаалттай” гэдэг зарчмаар асуудлыг хэлэлцээд явбал шийдвэр яаж гарахаас үл хамаараад иргэдийн дунд эргэлзээ, хардлага сэрдлэг үлдсээр л байх болно. Түдгэлзүүлэхгүй гээд шийдвчихвэл “гэмт хэрэгтнээ хааацайлсан” болж харагдана, түдгэлзүүлнэ гээд шийдсэн ч нөгөөдүүл нь “намайг хэлмэгдүүлчихлээ” гээд явна. Гурван гишүүний асуудал ямар эцсийнх нь биш. Араас нь орж ирэхээр хүлээгдэж байгаа бас бус нөхөд ч бий. УИХ-ын дарга ч гэсэн асуудлыг хөндсөн дээрээ үргэлжлүүлээд Дэгийн тухай хууль болон УИХ-ын тухай хуулиа өөрчлөх шаардлагатай юм байна л гэж харагдлаа.