МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, У.Хүрэлсүхийн танхимыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудлыг хэлэлцэн дэмжээд буй.
Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Би нөхдөө явуулчаад сугарч үлдэхгүй. Хариуцлагыг хамт хүлээнэ. Гэхдээ намын даргын хувьд би ихэнх сайдаа улираан санал болгоно" гэсэн билээ.
Тэгвэл Ерөнхий сайд асан Р.Амаржаргал Засгийн газар огцрох асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа "Засгийн газар огцрохгүй ээ, У.Хүрэлсүхийн 2 сайдаа авч үлдэх арга. 1990 онд сайд нарыг нь сугалж огцруулах гээд хоргоогоод байхаар нь Д.Бямбасүрэн гуай Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох (итгэл үзүүлэх эсэх) асуудлыг 400+ гаруй депутат бүхий Ардын Их Хуралд оруулсан юм даг. Нөгөөдүүл нь Засгийн газар огцрох гэдгийг анх удаа сонсож цочирдож, тэр чигээр нь үлдээж байсан юм. Одоо мөн адил УИХ-д асуудал оруулахад 65 нь үлдээнэ гээд л кнопоо дарна. Хоёр сайд нь үлдэнэ. Зүгээр л улс төрийн алхам" гэж бичжээ.
Сануулахад, үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нар албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байгаа. Яг одоо Төрийн ордонд МАН-ын бүлэг дээрх асуудлаар хуралдаж байна.