x

АН-ын дөрвөн шинэчлэл

АН-ын X хурал болох гэж байна. Хөл хорионы үед намын хурал урд өмнөхөөс намжуу болж байна. Ер нь энэ нь ч дээр. 

Хуучин нийгмийн үед намын их хурал бол улсын их баяр бахдал болдог байсан юм. Намхэрхэн нийгмийг удирдан чиглүүлэх үүргээ амжилттай хэрэгжүүлж байгаа тухай, цаашид хэрхэн амжилттай хэрэгжүүлэх тухай нүсэр суртал нэвтрүүлэг явагддаг байв. Тэгээд нам засгийнхаа зөв мэргэн удирдлагын дор дараагийн Их хурлыг хүртэл зүтгэх сэтгэхүйтэй болоод амар сайхандаа жаргана. 

Нам бүхнийг мэднэ, чадна, жаргаана... Гэвч тэр үе өнгөрсөн.

Ийм улигт нүсэр суртал нэвтрүүлэг, зардалтай, хийрхүү хуучинсаг тогтолцооны инерц алдагдаж байгаа нь тун сайн хэрэг. Үүнээс салахад АН үлгэрлэж байвал бүр сайн. Нам бол улстөрийн олон нийтийн байгууллага учраас асуудлыг өөрийн хүрээнд шийдвэрлэх боломжтой. Эцсийн дүндээ дотооддоо асуудлаа шийдээд шинэчлэгдсэн гялалзсан нам болж гарч ирвэл иргэдэд сонин сайхан харагдахаас намын дотор болж үйл явц олон нийтэд тийм ч сонин биш. Хөл хорионы дэглэм ч бас улстөрийн өөр соёлыг бий болгож байна. 

Олон юм нуршаад яах вэ, дүрмийн өөрчлөлт бол намын дотоод асуудал. Нам дотроо шийднэ, олон нийтэд тийм ч ойлгомжтой, хүртээлтэй зүйл биш. Олон нийт намыг бүхлээр нь харна. Би ч дотоод асуудлыг нь мэдэхгүй, зүгээр АН гэж ямар байх ёстой вэ гэдэг имиж, үзэмж талаас нь бол туйлын үнэн биш ч санаа оноо хэлчих байх, угаасаа мэргэжил маань тийм. 

АН үнснээсээ босдог галт шувуу шиг сэргэхэд дөрвөн шинэчлэл хэрэгтэй гэж харж байна.

  1. Ардчиллал бол АН-ын өмч

“Ардчиллыг өмчиллөө энэ бол нэг намын өмч биш” гэхээр ардчилал нь түгээмэл зүй тогтол учраас хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ яг өнөөдөр АН Монголын ардчиллыг өмчлөх үүрэгтэй. Ингэж байж зугтах биш өөртөө хариуцлага үүрэх ёстой. Энэ бол намын эрмэлзэл юм. Ардчиллын алдаа гажуудал байгаа бол энэ нийгмийг авчирсан улс төрийн хүчний хувьд түүнийг засах, өөрчлөх нь АН-ын хэнтэй ч хуваалцахгүй хамгийн түрүүнд оногдох үүрэг юм. 

Яагаад гэвэл энэ нийгмийг АН-ыг бүрдүүлэгч намуудын үндэс болсон улстөрийн хөдөлгөөнүүд авчирсан. Чухамдаа “ардчилал” хэн нэгний өмч биш учраас хэн ч тоохгүй байгаа юм. Тиймээс Ардчилсан нам энэ хүнд өмчийг өөртөө авах нь хэдий хүнд хэцүү ч зайлшгүй хийх ёстой үйл хэрэг.

МАН 1921 оны Ардын хувьсгалыг өөртөө өмчилдөг, гэтэл МАН бол 1921 онд байгуулсан нийгмийн бүтээгдэхүүн биш харин 1990 оны Ардчилсан хувьсгалын үр дүнд бий болгосон нийгмийн дотор ажиллаж буй улстөр-олон нийтийн байгууллага юм. МАН бол ардчиллыг хуваалцагч. Хааяа коммунист тэглэлт хийчих гээд байдгаас бусдаар... Хэрэв энэ үүднээс харвал өнөөгийн Монгол Улсын тэргүүлэгч улстөрийн хүчин бол үзэл санааны хувьд гарцаагүй АН мөн. Тиймээс ардчилал бол АН-ын нандигнан хайрлаж бишрэн хүндэтгэж, тахин шүтэх ёстой өмч мөн.

2. АН ба үндэсний үзэл 

1990 оны Ардчилсан хувьсгалын сүнс нь нь Марксын хэлдэгээр “хий үзэгдэл” нь үндэсний үзэл санаа байсан юм. Тэр үед дэлхийгээр биш юм гэхэд коммунист системийн дотор “үндэсний үзлийн хий үзэгдэл” тэнүүлчилж явсан билээ. Түүнийг хэн биежүүлэх вэ? 

Тэр үеийн коммунист-ажилчны намууд нь орон тус бүртээ үндэсний үзэл санааны илрэл бүрийг нухчин дарж, улс үндэстнээ интернационализм, дэлхийн коммунист системд үйлчлэхийг шаардаж байсан. Өөрийнхөөс бусад үзэл санааг хорьж, дангаар ноёрхохыг эрмэлзэж, хэрэв дийлэхгүй бол “Их ах”-аасаа цэргийн хүчний дэмжлэг авч оршин тогтнож байсан. Коммунист системийн задрал бол чухамдаа ардчиллаас бус үндэсний эрх чөлөөний төлөө хүсэл эрмэлзлээс үүдэлтэй байсан юм. Өөрчлөлтийн дараа улс-үндэсний бие даасан байдлын баталгаа нь түгээмэл ардчилал болсон. 

Тухайн үеийн эрх баригчдын зүрхэнд шар ус хуруулж байсан “Монголчууд мориндоо...” уриагаар үндэсний үзлийн цагаан морийг эмээллэн хараат бус жинхэнэ бие даасан үндэсний улсыг (nation state) бий болгосон улстөрийн хүчний хувьд нэг хэсэг “мартсан” энэ үзэл санааг өөртөө шингээж авах хэрэгтэй. АН өөрийгөө үндэсний нам гэж тодорхойлохдоо зөвхөн бодат хүрээгээ тодорхойлж байсан бол одооноос үзэл санааны гүнзгий үндэслэгээ болгох нь ашигтай. 

Ингэж байж өөрийн үндэстний оюун санааны хөрсөнд мөнхийн баттай байр суурь эзэлнэ.

3. Төр ба нам

Өнөөг хүртэл АН төр, иргэний эрхийг тэнцүүлэх зарчим дээр ажиллаж ирсэн. Тиймээс төрийг шүүмжилж, төрийг аль болох хүчгүй байлгаж, эрх мэдлийг иргэн, хүний гарт өгөхийг эрмэлзэж иржээ. 

Гэвч Монгол хүний төрөлх ментал сэтгэхүйд “төр” бол хамтран амьдрах зохион байгуулалтын хэлбэр гэхээсээ илүүтэй ариун дээд шүтээн, оршин тогтнох баталгаа гэж ойлголт бат суужээ. Нэгэн үе төрийг шүтэх үзлийг хуучин тоталитар дэглэмийн эмгэг, дарангуйллын уламжлал гэж үздэг байсан нь буруу болохыг бодат байдал нотолж байна. 

АН-ын төрийн талаарх энэ байр суурь өөрийг нь үргэлж хянагчийн байр сууринд аваачиж байгааг ойлгох ёстой. “МАН төрийг бэхжүүлэх үзэл санаатай бол төрдөө байг, харин АН хянагчаар ажиллаг! Угаасаа тэд ийм л юм ярьж байна” Ийм энгийн ухамсар нийтийн оюун санаанд суужээ. 

Тэгээд сонгуулиар зохьсон малгайг нь өмсүүлчихээд байгаа юм. Хэрэв АН төрийн эрх баривал төр суларна, бид хөсөр хаягдана гэх айдас санааны нь мухарт үлджээ. Тиймээс “МАН-аар тэтгүүлээд АН-аар эрх ашгаа хамгаалуулаад...” суувал амар сайхандаа жаргана гэж бодож байна. 

Ийм нөхцөлд АН оюун санааны хувьд засаглах эрхээ алдчихаад байгаа юм. Сонголтыг оюун ухаанаар хийдэг бол шүү дээ! Энэ үзэл бодлыг сонгуулийн үед хэчнээн их мөнгөөр ч өөрчилж чадахгүй тул АН алгуур суларсаар байна.

4. АН-ын нийгмийн тулгуур

АН-ын гол түшиг тулгуур нь нийгмийн дундаж давхарга. Тиймээс мэдээж үндэсний үзэл санааны суурин дээр хөгжлийн, эрх чөлөөний үзэл санааг нэмж өөртөө шингээх нь зүй. Энэ дундаж давхарга бол улс орны эдийн засгийг чирч яваа. Томоохон хөрөнгөтнүүд эрх баригчдыг л тэтгэнэ. Эрх ашиг нь тэнд бий. Харин дундаж давхарга, жижиг дунд бизнес эрхлэгчид илүү нэр цэвэр бөгөөд ажилсаг, амбиц багатай давхарга. Тэд улсаа зардаггүй, зохиомол хөөсөрсөн ашиг хардаггүй, илүү эх оронч, зохион байгуулагдах чадвар сул ч илүү өргөн хүрээг хамарсан шинэчлэлд байгаа байдлаараа хөдөлгөгч хүч нь болж байдаг. 

Тэдний дэмжлэгийг авахад олигополь, монополийг задлах, шударга өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжих, татварын таатай орчныг бүрдүүлэх, эрх зүйн таатай нөхцлөөр хамгаалах зэрэг өнөөгийн нийгэмд яригдаж буй шийдвэрлэж болохуйц асуудлуудыг шийдэх гарц гаргалгаа л хэрэгтэй. Түүнээс халамж, хуйвалдаан хоёроос хол. Тиймээс хамгийн шударга ёсны мэдрэмж өндөртэй, хамгийн бат гүн суурьтай, өөрийн бодат эрх ашиг, итгэл үнэмшилтэй нийгмийн давхарга мөн. 

Баячуул, ядуусын асуудлыг МАН-д үлдээчих хэрэгтэй дээ, тэдний эвлэршгүй зөрчил дээр тоглож сурсан тэд, ялангуяа залуу үе нь тэр зөрчилд нь идэгдээд нурна. Тийм ч болчихлоо. 

Харин АН МАН-ын энэ алдаанаас зайлсхийж, ядуусын хийрхэл, баячуулын аархалд автсан нэгэн үеэ орхиод ажил хэрэгч, шинэлэг залуусаар эгнээгээ өргөжүүлж чадвал ирээдүй нь гэрэлтэй байна. 

Улстөрийн нам бол хоёр тулгууртай. Нэг нь зохион байгуулалт, нөгөө нь үзэл санаа. АН өнгөрсөн хугацаанд үзэл санааны талаа хэтэрхий орхиж явснаас өнөөгийн байдалд хүрчээ. Тувт зохион байгуулалтын асуудалтайгаа зууралдсанаас тэр. Одоо ч олон нийт зөвхөн түүнийг нь л хардаг болоо шив дээ. 

АН сөрөг хүчин байхдаа хэдэн суудалтай байхаас үл хамаараад иргэнийн эрх, эрх чөлөөний баталгаа гэж харагддаг тэр л “нэр төртэй” үлдэж болохгүй. Эрх баригчид эрхийг нь зөрчих бүрт олон нийт АН хамгаалахыг, АН ажиллахыг шаарддаг өнөө л хамгийн том сөрөг хүчин, хамгаалагчийн дүрээр харагдаад байж болохгүй. Хэрэв хамгаалж чадахгүй бол улам бүр итгэл алдарч, тэгэх тусам хуучнаа санагалзах санагалзал нийгэмд газар авч, түүн дээр нь АН улс төрийн акц хийгээд байвал мах комбинатын хар ямааны муу нэртэй үлдэх вий л гэж... 

А.Баатархуяг /baabar.mn/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өнөөдөр болох үйл явдлын тойм (Дөрөвдүгээр сарын 23) 1 мин Кашмирт зэвсэгт халдлага болж, олон жуулчин амь үрэгджээ 2 мин Пап Францискийг оршуулах ёслолын улмаас Сери А-гийн тоглолтууд хойшлов 3 мин Зүүн аймгуудаар цасан шуургатай, говь талд шороон шуурга шуурахыг анхаарууллаа 4 мин Лионел Месси хамгийн өндөр орлоготой тамирчдын тавдугаарт бичигдэв 6 мин Монгол эмч нар элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийв 8 мин Өнөөдөр Дэлхийн ширээний теннисний өдөр тохиож байна 9 мин Марко Рубио Украины талаарх Лондоны уулзалтад оролцохоо цуцлав 10 мин Улаанбурхан өвчний тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна 12 мин Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 16 цаг 50 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 16 цаг 51 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 16 цаг 52 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 16 цаг 53 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 16 цаг 55 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 16 цаг 56 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 16 цаг 58 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 17 цаг 0 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 17 цаг 1 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 17 цаг 2 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 17 цаг 4 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн...
Top