Дэлхийн эдийн засгийн форумыг (ДЭЗФ) үндэслэгч, олон улсын бодлого, бизнесийн салбарын нэр хүндтэй зүтгэлтэн Клаус Шваб даваа гарагт тус байгууллагын удирдах зөвлөлийн дарга болон гишүүний албан тушаалаасаа огцорч буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Швабын энэхүү шийдвэрийг дөрөвдүгээр сарын 20-нд болсон ээлжит бус хурлаар хүлээн авсан байна.
“Өдгөө 88 нас хүрсэн миний бие саяхан гаргасан мэдэгдлийнхээ дагуу энэ шийдвэрийг гаргалаа” хэмээн К.Швабын мэдэгдэлд дурдсан бөгөөд огцрох шалтгаанаа тодорхой тайлбарлаагүй байна.
Герман гаралтай эдийн засагч Шваб нь 1971 онд Женевт төвтэй, Швейцарын Давос хотод жил бүр зохион байгуулагддаг улс төр, эдийн засгийн манлайлагчдын уулзалтын үндэс болсон ДЭЗФ-ыг үндэслэн байгуулсан юм. Тэрээр дэлхий даяар тулгамдаж буй нийгэм, эдийн засгийн асуудлуудад шийдэл эрэлхийлэх зорилгоор бодлого тодорхойлогчид болон бизнесийн удирдагчдыг нэг дор цуглуулсан форумыг санаачлагч гэдгээрээ алдаршсан.
Анхны уулзалт 1971 онд зохион байгуулагдаж, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, улстөрчид зэрэг олон зуун төлөөлөгч оролцсон нь өнөөгийн ДЭЗФ-ын суурийг тавьсан түүхтэй.
К.Швабын огцролтын дараа тус форумын дэд дарга Питер Брабек-Летмате түр хугацаанд удирдах зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэхээр томилогдсон байна.
Эх сурвалж: World Economic Forum, Bloomberg, DW, Reuters