Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн зорилго, үйл явцын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэхүү хөтөлбөр нь 2024-2028 оны хооронд хэрэгжих бөгөөд ноолуурын салбарын боловсруулалт, үйлдвэрлэл, экспортын чадавхыг эрс нэмэгдүүлэх зорилготой.
Тэрбээр мэдээлэлдээ, хөтөлбөрийн хүрээнд:
-
Ноолуурын бүрэн боловсруулалтын түвшинг 20 хувиас 40 хувь хүртэл нэмэгдүүлэх
-
Үйлдвэрлэлийн нийт дүнг 1.5 их наядаас 2.3 их наяд төгрөгт хүргэх
-
Экспортыг 398 сая ам.доллараас 690 сая ам.доллар хүртэл өсгөх
-
Шинээр 3000 гаруй ажлын байр бий болгох
зэргийг гол зорилт болгон ажиллаж буйг онцолсон юм.
Хөтөлбөрийн нийт төсөв 2.19 их наяд төгрөг бөгөөд энэ онд 800 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг баталжээ. Үүнээс:
-
Эргэлтийн хөрөнгийн зээлд – 300 тэрбум төгрөг
-
Хөрөнгө оруулалтын зээлд – 488 тэрбум төгрөг
зориулагдаж байгаа бөгөөд хүүгийн хөнгөлөлтийг Засгийн газраас 10 хувиар хариуцах аж.
Өнгөрсөн хоёр сарын хугацаанд 83 аж ахуйн нэгжид нийт 300 тэрбум төгрөгийн зээл олгогдсон бөгөөд ХААН банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк голчлон энэ зээлийг гаргажээ. Ноолуурын салбарынхан боломжийг идэвхтэй ашиглаж буй ч арьс шир, ноос, хөөврийн чиглэлийн бизнесүүд хангалтгүй үр дүнтэй оролцож байгааг зөвлөх дурдсан байна.
Мөн зээлд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь нийслэл болон ойролцоох бүсэд төвлөрсөн байгаа нь орон нутгийн бизнес эрхлэгчдийг оролцоогүй үлдээж байгаа асуудлыг хөндөж, хөтөлбөрийн нэг гол зорилт нь орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих явдал гэв.
Энэ хүрээнд экологид ээлтэй, шинэлэг шийдэл бүхий үйлдвэрлэл эрхэлж буй байгууллагуудыг дэмжих бодлогыг баримталж, тусгай Эрдэмтдийн зөвлөл байгуулсан байна. Тус зөвлөлөөс мэдээлэл, сургалтаар хангах боломжтойг мөн дуулгалаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт “Цагаан алт” хөтөлбөрөөс гадна “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо”, “Атар-IV” үндэсний хөдөлгөөн зэрэг томоохон бодлогын төсөл, санаачилга зэрэгцэн хэрэгжиж буйг Ерөнхийлөгчийн зөвлөх тодотгов.
Эх сурвалж: Montsame, Gogo.mn, Zasag.mn