Хятад-Америкийн худалдааны дайн дахин хурцдаж, энэ хүрээнд Хятадын эрх баригчид агаарын тээврийн компаниудаасаа “Boeing” компанийн онгоц, сэлбэг, тоног төхөөрөмж худалдан авахаа зогсоохыг шаардсан тухай “Bloomberg” агентлаг мягмар гарагт мэдээлжээ.
Уг шийдвэр нь АНУ-ын бараанд шинээр ногдуулсан 125 хувийн нэмэлт татварын дараа гарсан бөгөөд энэ нь “Boeing”-ийн бүтээгдэхүүний өртгийг хоёр дахин нэмэгдүүлж, Хятадын хувьд худалдан авалт хийх нь эдийн засгийн хувьд ашиггүй болгож байгаа аж. Энэ нөхцөлд Хятадын агаарын тээврийн компаниуд “Airbus” болон дотоодын “Comac” зэрэг үйлдвэрлэгч рүү хандах магадлал нэмэгдэж байна.
Мөн Хятадын эрх баригчид “Boeing”-ын онгоцыг түрээсэлдэг компанид дэмжлэг үзүүлэх боломжийг судалж эхэлжээ. “Aviation Flights Group”-ийн мэдээлснээр, Хятадын тээвэрлэгчид “Boeing 737 Max” загварын 10 орчим онгоцыг авахад бэлэн байгаа ч заримынх нь бичиг баримт өмнөх татварын өмнө бүрдсэн тул хүлээн авах магадлалтай гэжээ.
“Bloomberg”-ийн үзэж буйгаар энэ бүхэн “Boeing”-т хүчтэй цохилт болж байна. Тус компани 2018 онд бүтээгдэхүүнийхээ дөрөвний нэгийг Хятадад нийлүүлж байсан бол сүүлийн жилүүдэд томоохон захиалга аваагүй. Ирэх 20 жилд Хятад улс дэлхийн агаарын хөлгийн зах зээлийн 20 хувийг эзлэх төлөвтэй байгаа нь “Boeing”-т том боломж боловч худалдааны зөрчил, цар тахлын дараах нөхцөл байдал нийлүүлэлтийн сүлжээнд саад учруулж байна.
Европын “Airbus” компани Хятадын тээвэрлэгчдийн гол түнш хэвээр үлдэж байгаа ч тус улсын дотоодын “Comac C919” онгоц ашиглалтад орж эхэлснээр гадны үйлдвэрлэгчдэд дарамт нэмэгдэх төлөвтэй байна. Түүнчлэн Хятадад “Boeing”-ийн хэдэн зуун онгоц засвар үйлчилгээ шаардлагатай байгаа нь цаашдын хамтын ажиллагаанд тодорхой сорилт дагуулж байна.
Эх сурвалж: Bloomberg