Анагаахын шинжлэх ухаан болон физикийн уялдаа холбоог бэхжүүлж, цацрагийн аюулгүй байдлыг хангах өндөр мэдлэгтэй мэргэжилтэн бэлтгэх зорилгоор Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС), Монгол Улсын их сургууль (МУИС) хамтран анагаахын физикч бэлтгэх бакалаврын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж, хоёр тал хамтран гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтарсан хөтөлбөр нь сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт:
-
Цацрагийн үүсгүүртэй, ионжсон цацрагийн тоног төхөөрөмжүүд олширч
-
Цөмийн оношилгоо, туяа эмчилгээний технологи эрчимтэй хөгжиж байгаа нөхцөлд ангаахын физикч мэргэжилтний эрэлт, шаардлага эрс өсч байгаатай холбоотой юм.
Хөтөлбөрийг АШУҮИС-ийн Анагаах ухааны сургууль, МУИС-ийн Инженер, технологийн сургууль хамтран хэрэгжүүлэх бөгөөд цацраг идэвхитэй орчинд ажиллах чадварлаг мэргэжилтэн бэлтгэх, эрүүл мэндийн салбарын шинэ үеийн технологийг даган хөгжих хүний нөөцийг бий болгох зорилготой.
Мөн АШУҮИС нь өмнө нь:
-
МУБИС-тай хамтран “Багш, эрүүл мэндийн боловсрол, арга зүй”
-
ХААИС-тай хамтран “Уламжлалт анагаахын эмийн ургамал судлал” зэрэг бакалаврын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй туршлагатай.
Шинэ хөтөлбөрийн хэрэгжилт нь анагаах ухаан, инженерчлэл, физикийн огтлолцолд тулгуурласан өндөр ур чадвартай боловсон хүчин бэлтгэх, улмаар эрүүл мэндийн аюулгүй байдлыг шинжлэх ухааны түвшинд хангах чухал алхам болж байна.
Эх сурвалж: АШУҮИС, МУИС