Энэтхэгийн Кашмирын бүс нутагт орших аялал жуулчлалын Пахалгам хотод мягмар гарагт зэвсэгт этгээдүүд халдлага үйлдсэний улмаас 26 хүн амиа алдаж, тэдний дийлэнх нь жуулчид байсан талаар NDTV суваг болон Greater Kashmir сонин албаны эх сурвалжаас эш татан мэдээлжээ. Шархадсан хэд хэдэн хүнийг ойролцоох эмнэлэгт яаралтай хүргэсэн тухай AFP агентлаг мөн дамжуулсан байна.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди уг халдлагыг “жигшүүрт гэмт хэрэг” хэмээн буруушааж, холбогдох этгээдүүдийг хатуу шийтгэхээ илэрхийлсэн бол Жамму ба Кашмирын холбооны засаг захиргааны тэргүүн Омар Абдулла, “энгийн иргэд рүү чиглэсэн ийм хэмжээний халдлага сүүлийн жилүүдэд тохиолдоогүй” хэмээн мэдэгджээ.
Greater Kashmir сонинд дурдсанаар, халдлагын хариуцлагыг “Эсэргүүцлийн фронт” хэмээх босогчдын бүлэглэл хүлээсэн байна. Уг бүлэглэл Пакистанаас дэмжлэг авдаг бөгөөд Энэтхэгийн эрх баригчид түүнийг террорист байгууллага хэмээн үздэг. Тэд Кашмирын бүс нутгийг Энэтхэг эзлэн авсан хэмээн мэдэгдэж, зэвсэгт тэмцэл өрнүүлсээр байгаа юм.
Кашмир нь Индостаны хойгийн баруун хойд хэсэгт байрлах, Энэтхэг ба Пакистаны хооронд олон арван жилийн турш маргаантай хэвээр байгаа бүс нутаг юм. Мусульман шашинтнууд зонхилон амьдардаг энэ бүс нутаг хоёр улсын хооронд байнгын хурцадмал байдлыг үүсгэж ирсэн бөгөөд одоо ч тодорхой хил зааггүй, хяналтын шугамаар хуваагдсан хэвээр байна.
Эх сурвалжууд: DW, NDTV, Greater Kashmir, AFP