АНУ-ын нэр хүндтэй дээд боловсролын байгууллага болох Харвардын их сургууль Дональд Трампын удирдсан засаг захиргааг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Учир нь тус сургуулийн хөтөлбөрүүдэд төрөөс олгохоор төлөвлөсөн 2 тэрбум ам.доллар гаруй санхүүжилтийг царцаасан нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм.
Санхүүжилт царцах болсон шалтгаан нь өнгөрсөн долоо хоногт Харвард олон янз байдал, тэгш байдал, оролцоог дэмжих DEI хөтөлбөрүүдийг цуцлах, оюутны хотхонд маск зүүхийг хориглох, улмаар татварын хөнгөлөлт, гадаад оюутан элсүүлэх эрхийг нь хасах зэрэг шаардлагыг хүлээн авахаас татгалзсантай холбоотой. Дээрх шаардлагыг хүлээж аваагүй тул Трампын баг уг шийдвэрийг гаргасан байна.
Трампын засаг захиргаа үүрэгт ажилдаа орсноос хойш их, дээд сургуулиудад:
-
Зүүний үзлийг түгээхийг эсэргүүцэх
-
Антисемитизмтэй тэмцэх
зорилготойгоор бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд, Газын зурваст дайн эхэлснээс хойш зарим их сургуулийн хотхонд өрнөсөн Израилын эсрэг үзэл бодлыг антисемитизмийн илрэл хэмээн тайлбарласан байна.
Тус шаардлагуудыг Принстоны, Колумбийн зэрэг нэр хүндтэй сургуулиудад мөн тавьж, төрийн санхүүжилтийг зогсоосон ч Харвардын их сургууль хамгийн түрүүнд шүүхэд хандсан нь энэ удаагийн анхаарал татсан үйл явдал болж байна.
Эх сурвалж: BBC, AP News, New York Times