Монголын шатрын холбоо, Азийн шатрын холбоотой хамтран Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж байна. Тэмцээний нээлт маргааш буюу дөрөвдүгээр сарын 23-ны 14:30 цагт “Холидэй Инн” зочид буудалд болох бөгөөд тавдугаар сарын 2-нд аваргууд тодрох юм.
Энэхүү тэмцээн нь:
-
Ази тивийн 3.3 бүсийн орнуудаас чансаа өндөртэй шатарчдыг нэгтгэсэн оюуны спортын өндөр зэрэглэлийн тэмцээн бөгөөд
-
Эмэгтэй ангилалд 1800, эрэгтэй ангилалд 2000-аас дээш чансаатай шатарчид оролцох боломжтой
-
Тэмцээнээс Дэлхийн цомд оролцох эрх олгогдох нь оролцогчдод давхар урам өгч буй
Энэ удаагийн тэмцээнд:
-
Монгол, Индонез, Сингапур, Малайз, Филиппин, Вьетнам, Хонконг зэрэг долоон орны 100 гаруй шатарчин оролцохоор мэдүүлжээ
-
Монгол Улсаас 70 орчим тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдөнө
-
Сингапурын 2600 чансаатай супер их мастер Тинг Жинг Яо чансаагаараа тэргүүлж байгаа бөгөөд Дэлхийн цомын эрх авах зорилгоор Монголд ирж буй
Монголын шатрын холбооны ФИДЕ хариуцсан төлөөлөгч, их мастер А.Энхтуул тэмцээний талаар “Дэлхийн цомын эрхийг эх орондоо авах ховор боломж. Шатарчид туршлага судлахаас гадна олон улсын чансаагаа ахиулах, цолны балл авах давуу талтай. Бид энэ тэмцээнийг 2022 оноос эхлэн эх орондоо зохион байгуулах санал тавьсан бөгөөд өнөөдөр биелэлээ олж байгаад баяртай байна” гэж онцлов.
Филиппин улсын олон улсын шүүгч Майкл Жосеф Пагаран тэмцээний оноолтыг хариуцах бөгөөд анх удаа Монголд ирж буйгаа илэрхийлж, “Хүйтэн уур амьсгалтай ч маш сайхан тэмцээн зохион байгуулж буйд сэтгэл хангалуун байна” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрбээр 2024 онд олон улсын шүүгчийн хамгийн дээд цолыг авсан, олон улсын нэр хүндтэй шатрын шүүгч бөгөөд ФИДЕ-ийн зөвлөх багш, Арена их мастер юм.
Тэмцээний ивээн тэтгэгчээр “АПУ Дэйри” компани ажиллаж байгаа бөгөөд тэмцээний үр дүнд Монголын шатарчид цол, чансаа ахиулах, Дэлхийн цомын эрх авах бодит боломжтой байгаа нь тэмцээний ач холбогдлыг илүү тодотгож байна.
Эх сурвалж: Монголын шатрын холбоо, AFP