Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Тайландын Бангкок хотноо энэ сарын 21-25-нд болж буй НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын (ESCAP) 81 дүгээр чуулганд Монгол Улсыг төлөөлөн оролцож байна.
Чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ тэрбээр Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж үг хэлсэн бөгөөд хэлсэн үгэндээ дараах асуудлуудыг онцолсон юм:
-
Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг урагшлуулах
-
Бүс нутгийн хамтын ажиллагаа, түншлэлийг эрчимжүүлэх
-
Иргэдийн амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэх
-
Боловсрол, эрүүл мэндийн сүлжээг бэхжүүлэх шаардлагатайг онцолжээ
Мөн Монгол Улс дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэлд идэвхтэй оролцож байгааг танилцуулсан байна. Үүнд:
-
Дасан зохицох иж бүрэн стратеги хэрэгжүүлж буй
-
Эрт сэрэмжлүүлэх тогтолцоог бүрдүүлж, гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлж байгааг тодотгосон
-
Мөн уур амьсгалын санхүүжилтийг хүртээмжтэй, хөнгөлөлттэй нөхцөлөөр нэмэгдүүлэх шаардлагатайг дурдав
Энэхүү чуулган нь бүс нутгийн улсуудын эдийн засаг, нийгмийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хөгжлийн уялдаа холбоог хангах чухал платформ болдог бөгөөд Монгол Улс энэхүү хэлэлцүүлэгт идэвхтэй байр суурь илэрхийлж буйг дээрх илтгэл харуулж байна.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам