Арабын Нэгдсэн Эмирт Улс (АНЭУ) шинээр хууль боловсруулах, одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомжийг боловсронгуй болгохын тулд хиймэл оюуныг (AI) бүрэн ашиглах шийдвэр гаргасан анхны улс болохоор зорьж буйг “Financial Times” мэдээллээ. Энэ нь зөвхөн техникийн шинэчлэл биш, хууль тогтоох үйл явцын үндсэн зарчмыг өөрчлөх алхам хэмээн олон улсын ажиглагчид онцолж байна.
АНЭУ-ын Ерөнхий сайд Мохаммед бин Рашид Аль Мактум хиймэл оюуныг ашигласнаар хууль боловсруулах хурд нэмэгдэж, илүү оновчтой шийдэлд хүрэх боломжтой гэж мэдэгдсэн байна.
Тус улсын Засгийн газар “Хиймэл оюуны удирдах газар” (Regulatory Intelligence Office) нэртэй шинэ байгууллагыг байгуулж, хууль тогтоох процессыг AI-тэй уялдуулан хэрэгжүүлэх үүрэг оноожээ. Энэ хүрээнд:
-
Төрийн болон орон нутгийн хууль тогтоомж, шүүхийн шийдвэр, төрийн байгууллагын мэдээлэл бүхий томоохон өгөгдлийн сан байгуулах
-
AI технологиор хуульд өөрчлөлт оруулах санал гаргах, нийгэм эдийн засгийн нөлөөллийг тооцоолох
-
Хууль боловсруулах хугацааг 70 хувиар богиносгох
зэргийг зорьж байна.
Энэ санаачилга нь олон улсад анхаарал татаж буй ч, зарим шинжээчид болзошгүй эрсдэл дээр анхаарал хандуулж байна. Оксфордын их сургуулийн судлаач Винсент Штрауб "Хиймэл оюун ирээдүйтэй мэт боловч, хууль зүйн шийдвэр гаргалтад бүрэн найдах нь тогтворгүй байдал үүсгэж болзошгүй" гэж анхааруулжээ. AI нь зарим үед логик алдаа гаргах, бүр худал мэдээлэл санал болгох зэрэг эрсдэлтэй бөгөөд хууль тогтоох чухал үйл явцад энэ нь шууд нөлөө үзүүлэх магадлалтай гэдгийг судлаачид сануулж байна.
Дэлхий дахинд одоогоор хиймэл оюуныг хууль тогтоомж боловсруулахад туслах хэрэгсэл болгон ашиглаж байгаа ч, шууд шийдвэр гаргах түвшинд ашиглах оролдлого хийж буй анхны тохиолдол нь АНЭУ болж байна.
Эх сурвалж: Financial Times, Reuters, Gulf News