Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөж, хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилготой Туулын хурдны замын төслийн гүйцэтгэгчийг сонгох олон улсын нээлттэй тендерийг дахин зарлаж байна. Тендерийг анх энэ оны нэгдүгээр сарын 27-нд зарласан ч оролцогчид шаардлага хангаагүй тул дахин зарлах шийдвэр гаргасан талаар холбогдох албаныхан мэдээллээ.
Уг төсөл нь Улаанбаатар хотын авто замын төв ачааллыг бууруулах, зүүнээс баруун тийш нэвтрэх урсгалыг хурдасгах үндсэн зорилготой юм. Туулын хурдны зам нь олон улсын экспресс замын стандарттай, гэрлэн дохиогүй, зогсолтгүй зорчих боломжтой байдлаараа онцлог бөгөөд хөдөлгөөний дундаж хурдыг 14 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Хамрах хүрээ, техникийн шийдлүүд:
-
Зүүн цэгээс: Баянзүрхийн товчоо, Улаанбаатар–Налайхын авто замын огтлолцол
-
Баруун цэг хүртэл: Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог
-
Нийт урт: 32 км
-
Зургаан эгнээтэй авто зам
-
2 түвшний уулзвар – 8 байршил
-
Гүүр – 13 байршил, нийт 9870 метр урт
-
Туннель – 7 байршил, нийт 370 метр урт
Төсөл хэрэгжсэнээр нийслэл хотыг тойрсон бүрэн тойрог замын сүлжээ бүрэлдэн бий болох ба энэ нь хотын төлөвлөлт, логистикийн оновчлолд шинэ түвшний дэвшил авчрах хүлээлттэй байна.
Эх сурвалж: Нийслэлийн Зам, тээврийн хөгжлийн газар