АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар 90 минут орчим утсаар ярилцаж, Украины дайныг нэн даруй зогсоох хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцсон байна. Энэхүү яриа хэлэлцээний үр дүнд хоёр улсын тэргүүнүүд Саудын Арабт ойрын хугацаанд биечлэн уулзахаар төлөвлөжээ.
Трампын Путинтэй хийсэн ярианы дараа тэрбээр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй нэг цаг гаруй хугацаанд утсаар ярилцаж, дайныг дуусгах, энхийн гэрээ байгуулах асуудлаар санал солилцсон байна. Тэдний хэлэлцээний гол сэдэв нь АНУ-Украины аюулгүй байдлын хамтын ажиллагаа, эдийн засгийн харилцаа, нөөц баялгийн түншлэл байжээ. Зеленский Вашингтоны дэмжлэгийг үргэлжлүүлэн авахыг хүсч, хэлэлцээг ойрын үед үргэлжлүүлэхээр тохиролцсон аж.
Энэ үеэр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсетх Украины дайныг дуусгахын тулд Киев НАТО-д элсэхээс татгалзах шаардлагатай гэж мэдэгдсэн нь Украины эрх баригчдын дунд сөрөг хандлагыг төрүүлжээ. Түүний хэлснээр, АНУ-ын цэргүүд Украинд аюулгүй байдлын баталгаа өгөхгүй, харин Европын орнууд энэ асуудлыг шийдвэрлэх ёстой гэж онцолсон байна.
Трамп, Путин нарын хооронд эхэлсэн яриа хэлэлцээ нь Украины дайныг зогсоох бодит эхлэл болж магадгүй ч Киев болон Европын холбоотнуудад тодорхойгүй нөхцөл байдал үүсгэж байна. АНУ-тай шууд хэлэлцээр хийх боломж бүрдсэн нь Оросын олон улсын тавцан дахь байр суурийг дахин хүчирхэгжүүлэх төлөвтэй байгаа бөгөөд Украины ирээдүйн асуудалд Орос давамгай байр суурь эзлэх магадлалыг нэмэгдүүлж байна.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (1)