АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд үзүүлсэн тусламжийн төлбөрт $500 тэрбумын үнэ бүхий газрын ховор элемент, ашигт малтмал авах саналаа илэрхийлжээ. Тэрбээр саяхан Fox News телевизэд өгсөн ярилцлагадаа Киев энэ саналыг ерөнхийдөө хүлээн зөвшөөрсөн гэж мэдэгдсэн байна. Трампын засаг захиргаа Иракт тусалсны дараа нефтийн салбарт нөлөөллөө баталгаажуулж чадаагүйгээс сургамж авсан тул Украины газрын баялагт шууд хяналт тогтоох сонирхолтой байгаа гэж ажиглагчид дүгнэж байна.
АНУ-ын шаардлагын гол агуулга нь Украинд олгосон санхүүгийн болон зэвсгийн тусламжийн хариуд газрын ховор элементүүдийг Америкийн зах зээлд нийлүүлэхийг шаардсан явдал юм. Орчин үеийн цахим бүтээгдэхүүн, батлан хамгаалахын технологид нэн шаардлагатай эдгээр материалуудын ихэнхийг өнөөдөр Хятад улс олборлодог тул АНУ-ын хувьд Украин шинэ стратегийн боломж болж байна. Трампын хэлснээр АНУ-д литийн нөөц байхгүй бөгөөд уг металл нь цахилгаан автомашины аккумлятор, бичил чип үйлдвэрлэлд онцгой чухал учир Америк Украинд давуу эрх олгож олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэхийг зорьж байгаа аж.
Энэ зуур Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тус улсын ашигт малтмалын боломжит нөөцийг ашиглан гадаадын хөрөнгө оруулалтыг татах, АНУ-тай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлээд байна. Тэрбээр АНУ-ыг украины ордуудад хөрөнгө оруулж, олборлолтод түншлэхийг санал болгосон бол Европын орнуудыг ч хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэвч АНУ тус бүс нутагт Хятадын нөлөөг бууруулах стратеги баримталж буй тул зөвхөн Америкийн компаниудад давуу эрх олгох байр суурь баримталж байна.
Үнэндээ Украин дэлхийн газрын ховор металлын 5%-ийг эзэмшдэг гэж тооцоологддог ч бодит байдал дээр тэдгээрийн тал хувь нь 2022 онд Оросын хяналтад шилжсэн байна. Үүнээс гадна олборлолт эхлүүлэхэд шаардлагатай дэд бүтэц сул, хөрөнгө оруулалт их шаардагдах учир Украины тал бие даан эдгээр баялгийг ашиглах боломжгүй. Иймд Киевийн зүгээс тусламжийн төлбөрийн хэлэлцээрт газрын ховор элементээс гадна хийн хоолой, хий хадгалах байгууламжаа АНУ-д ашиглуулах санал гаргасан гэх мэдээлэл бий.
Трампын мэдэгдэл Европын орнуудын дунд тодорхой эсэргүүцэлтэй тулгарч эхэлжээ. Германы канцлер Олаф Шольц АНУ шиг Украины баялагт шуналтайгаар хандахгүй, харин дайны дараах сэргээн босголтод зориулах ёстой гэж мэдэгдсэн байна. Европ Украинд санхүүгийн болон цэргийн дэмжлэг үзүүлсээр ирсэн бөгөөд байгалийн баялгийг нь АНУ шууд авах нь шударга бус гэж үзэж байгаа аж.
Энэхүү хэлэлцээр Украиныг эдийн засгийн шинэ нөхцөлд аваачих ч АНУ-тай хийх тохиролцоонд ямар нөхцөл багтах нь тодорхойгүй хэвээр байна. АНУ Украины эрчим хүчний нөөц, газар тариалангийн салбарт хүртэл сонирхолтой байгаа бол Киев ойрын хугацаанд НАТО-д элсэх эсвэл цөмийн зэвсэг авах нөхцөлтэйгөөр тус улсын байгалийн баялгийг ашиглуулах боломжтой гэж үзэж буй аж. Гэвч Америкийн удирдлагууд Украин НАТО-д ойрын хугацаанд элсэх боломжгүй, мөн цөмийн зэвсэгтэй болох нь бодит бус зүйл гэж үзэж байгаа тул тусламжийн төлбөрийн асуудал цаашид хэрхэн өрнөх нь тодорхойгүй хэвээр байна.
Эх сурвалж: Известия