АНУ-ын эрх баригчид дунд сургуулийн багш Марк Фогелийг суллахын хариуд Оросын иргэн Александр Винникийг суллахаар шийдвэрлэжээ.
А.Винник 2017 онд биткоин ашиглан олон тэрбум ам.доллар луйвардсан хэргээр баривчлагдсан бөгөөд АНУ-ын тангарагтны шүүх түүнийг мөнгө угаасан хэргээр 21 зүйл ангиар буруутгаж байсан юм. Цагаан ордны албан тушаалтнууд түүнийг удахгүй суллах гэж буйг баталжээ.
А.Винник BTC-e хэмээх криптовалютын биржийг ажиллуулж байсан бөгөөд уг платформыг цахим гэмт хэрэг, хулгай, авлига, мансууруулах бодисны наймаанаас олсон мөнгийг угаахад ашиглаж байсан гэж Америкийн хууль сахиулагчид үзжээ. Энэ үндэслэлээр түүнийг Грект баривчилсан бөгөөд өнгөрсөн оны тавдугаар сард хэргээ хүлээж, шүүхээс 20 жилийн хорих ял оноогоод байсан юм.
АНУ-ын Хууль зүйн яамны мэдээлснээр, BTC-e бирж нь цахим гэмт хэрэгтнүүдийн хулгайлсан мөнгийг шилжүүлэх, угаах, хадгалахад ашиглагдаж байсан. Мөн тус бирж АНУ-ын хуульд заасан "Хэрэглэгчээ таних" (Know Your Customer) хяналтын журмыг мөрдөөгүй учраас гэмт хэрэгтнүүдийн анхаарлыг татсан гэж мөрдөн байцаагчид дүгнэсэн байна.
Эх сурвалж: BBC