x

Б.Гүнбилэг: Ерөнхийлөгчийн Тамгын газар хуулийг буруу тайлбарлаж байна

Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.

-Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дууссан эсэх тухай маргаан гараад байна. Нэг талаас АТГ-ын даргыг зургаан жилийн хугацаатай томилогддог гэж байгаа. Мөн одоогийн даргын хувьд нөхөн томилогдсон тул өмнөх даргын үлдсэн хугацааг дуусгаад ажлаа өгөх ёстой гэдэг байр суурь ч гарч байна?

-Авлигын эсрэг хуулийн 21.1 дээр “АТГ-ын дарга, дэд даргыг зургаан жилийн хугацаатай томилно" гэсэн байгаа. Мөн хуулийн 21.5 дээр “АТГ-ын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэж байдаг. 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа гэдэг нь зургаан жилийг хэлж байгаа юм. Тэгэхээр хэрвээ нөхөн томилогдсон тохиолдол гарвал зургаан жилийн хугацаатай байна гэдэг утга санаа байна.

-Гэхдээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өөр хуулиудын заалтыг иш татаж тайлбарлаж байсан санагдаж байна?

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гуай Төрийн албаны тухай хуулийг эшэлж төсөөтэй байдал үүсгэн тайлбарлаж байна лээ. Тэр нь буруу. Төрийн албаны тухай хуулийн 72 дугаар зүйл дээр “Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа хуулиар тогтоосон хугацаанаас өмнө дуусгавар болсон бол эрх бүхий этгээд өер хүнийг нэр дэвшүүлж, саналаа УИХ-д оруулна" гэж байдаг. 72.2 дээр “Энэ хуулийн 72.1-д заасны дагуу томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа өмнөх гишүүний бүрэн эрхийн хугацааны үлдсэн хугацаатай адил байна” гэсэн бий.

Тэгэхээр Төрийн албаны зөвлөлийнх дээр болохоор “өмнөх гишүүний” гэдэг үг оруулаад тодорхой заагаад өрчихсөн байгаа биз. Мөн олон нийтийн дунд ч Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарын болон гишүүний тухай асуудлыг эш татсан яриа гарч байна. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 15.2 дээр “Энэ хуулийн 15.1-д заасны дагуу томилогдсон этгээдийн бүрэн эрхийн хугацаа өмнөх гишүүний томилолтын үлдсэн хугацаатай адил байна” гэж байгаа.

Тэгэхээр Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хуульд зааж байгаа нөхөн томилогдож байгаа тохиолдолд өмнөх гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна гэж тодорхой заачихсан.

Харин Авлигын эсрэг хуулийн 21.5 дээр эсрэгээрээ өмнөх даргын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө тэр хүн нөхөн томилогдсон бол тэр хугацаанд нь биш харин зургаан жилээр байна шүү гэдгийг тайлбарлаад өгчхөж байгаа юм. Тэгэхээр энэ чинь төсөөтэй жишиг биш болчхож байна. Тийм учраас “Төрийн албаны тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуультай адилтгаж үзнэ. Ийм учраас одоогийн АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа нь дуусчихсан” гээд байгаа нь ойлгомжгүй, хууль зүйн дагуу биш, хуулийг буруу тайлбарлаж байгаа асуудал.

-Тэгвэл хуулийг буруу тайлбарлах нь ямар хэрэгтэй юм бэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн явуулж байгаа үйл ажиллагаануудыг ерөнхийд нь харахаар тодорхой хэмжээгээр улстөржсөн, хуулийг өөртөө ашигтайгаар тайлбарлахыг зорьсон ийм эрмэлзэл байна уу даа гэж бодогддог. Тодотгон хэлбэл, зөвхөн энэ асуудал биш цаазаар авах ялын тухай асуудал гэдэг ч юм уу. Урагшаа хараад үйл ажиллагаагаа явуулах байтал, хуулийг өөрөөр тайлбарлах, хуулийг олон нийтийн сэтгэхүйг хагаралдуулах байдлаар тайлбарлаад байгаа нь буруу жишиг юм.

-АТГ-ын даргыг зургаан жилийн хугацаатай томилдог нь эрх бүхий албан тушаалтнуудын нөлөө орохоос сэргийлж байгаа хэлбэр байх. Гадаадын адил төсөөтэй албанд яаж хуульчилсан байдаг юм бол?

-Бусад оронд ямар байдгийг би сайн мэдэхгүй юм. Авлигын эсрэг олон улсын конвенц гэж байгаа шүү дээ. Түүгээр ийм байгууллагатай байх нь зүйтэй, Эрүүгийн хуульдаа авлигын гэмт хэргүүдийг хуульчлах ёстой гэдэг үүргүүдийг өгчихсөн байдаг. Энд нэг зүйлийг тайлбарлахад томилогдсон, нөхөн томилогдож байгаа тохиолдолд тэр албан тушаалтан улс төрөөс хараат бусаар ажиллах ёстой учраас зургаан жил байх ёстой гэсэн санаа Авлигын эсрэг хуульд байна шүү дээ.

Ингэж үйл ажиллагаа нь тогтвортой, хараат бус байхыг нь хуульчилсан. Харамсалтай нь, би алдаагүй бол одоогийн дарга нь АТГ-ын тав дахь дарга нь байгаа байх. Нэг ч АТГ-ын дарга бүрэн эрхийн хугацаагаа бүрэн гүйцээж байсан удаа Монголд байхгүй. Ямар нэгэн байдлаар өөрийн хүслээр ажлаа өгдөг. Эсвэл нас барлаа, гэмт хэрэгт холбогдлоо гэдэг. Миний мэдэж байгаагаар сүүлийн хоёр АТГ-ын дарга өөрийн хүсэлтээр ажлаа өгч байсан.

Тэгэхээр энэ АТГ-ыг өөрийн эрх нөлөөнд байлгах, үүнийг оролдох сонирхол улс төрийн албан тушаалтнуудад байдаг л байгаа байхгүй юу. Тийм учраас 21.5 дээр тийм юм байхгүй шүү, зургаан жилээр томилно гэж оруулсан. Хэн Ерөнхийлөгч болно, аль нам нь УИХ-д олонхыг бүрдүүлж байгаагаас үл хамааран зургаан жил байна гэснийг баталгаажуулж өгсөн хэрэг. Гэтэл цагаан дээр хараар биччихсэн зүйлийг эсрэгээр нь тайлбарлаад байгаа нь сонин байна.

“Пи Ар”-даа сайн байж болно. Нийгмийг давалгаалуулдаг үйл ажиллагаандаа улстөрчид сайн байж болно. Харин цагаан дээр хараар биччихсэн хуулийг улайм цайм буруу тайлбарлаад нийгмийг хагаралдуулаад байгаа нь өөрөө улсын тогтвортой байдал, хөгжилд хорио тээг болно гэдгийг хэлмээр байна.

-АТГ-ын даргыг олон нийтээс асуух тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хэлж байсан. Ерөнхийлөгчийн албан вэб сайтад иргэд саналаа өгөх аргаар АТГ-ын даргыг сонгож болох уу?

-Нэгдүгээрт, энэ бол хугацаа нь дуусаагүй хүний тухай асуудал яригдаж байна.

-Хэрэв зургаан жилийн хугацаа нь дуусчихсан тохиолдолд?

-Хэрвээ АТГ-ын даргын зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа нь дуусчихсан тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч санал гаргах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ямар арга хэрэгсэл ашиглах нь өөрийнх нь эрхийн асуудал. Тиймээс түүнийг нь буруутгаад элдэв янзаар хэлэх бол хууль зүйн утгаар үр нөлөө байхгүй. Нэг л хүнийг гаргаж ирж явуулна шүү дээ. Хэрэв санал асуулга хийх замыг сонгосон бол тэр хүн олон нийтийн дунд судалгаа тандалт хийж байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ өнцгөөс буруутгаж болохгүй.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 15 цаг 52 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 15 цаг 53 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 15 цаг 53 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 15 цаг 55 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 15 цаг 57 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 15 цаг 58 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 16 цаг 0 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 16 цаг 1 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 16 цаг 3 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 16 цаг 4 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 16 цаг 5 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 16 цаг 6 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 16 цаг 8 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 16 цаг 9 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 16 цаг 10 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 16 цаг 11 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 16 цаг 12 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 16 цаг 14 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 16 цаг 15 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 16 цаг 16 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top