Америкийн Кино урлагийн академи “Оскар”-ын санал хураалтад оролцогч гишүүд ангилал тус бүрийн нэр дэвшсэн бүх киног үзсэнээ баталгаажуулах шаардлагыг 2026 оноос эхлэн албан ёсоор хэрэгжүүлэхээр болжээ. Уг шинэ журам нь олон жилийн турш маргаан дагуулж ирсэн, зарим гишүүн бүх киног үзэлгүйгээр саналаа өгдөг гэх асуудлыг шийдвэрлэх зорилготой юм.
Одоогоор санал өгөх гишүүд нэр дэвшсэн бүтээлүүдийг бүрэн үзсэн гэж харилцан итгэлцлийн зарчимд тулгуурлан оролцдог. Гэсэн хэдий ч нэр дэвшигчдийн тоо өсөхийн хэрээр зарим гишүүн кино бүрийг үзэж амждаггүй гэдгээ илэрхийлэх болсон тул энэхүү шинэ систем нэвтрүүлэх шаардлага тулгарчээ.
Шинэ журмын хүрээнд:
-
Зөвхөн сонгогчдод зориулсан стриминг платформ ашиглан гишүүдийн үзэлтийг хянах
-
Кино театр, кино наадам зэрэг газарт үзсэн бол хэзээ, хаана үзснээ анкет бөглөж баталгаажуулах шаардлага тавих болно
Түүнчлэн, академи хиймэл оюун ухааны хэрэглээтэй холбоотой маргаануудыг хөндөж, AI болон дижитал технологи нь нэр дэвшихэд хор хөнөөл учруулахгүй ч, хүний бүтээлийг гол цөм болгон үнэлнэ гэж мэдэгдсэн байна. Энэ нь “The Brutalist” болон “Emilia Perez” зэрэг кинонуудад AI ашигласан гэх шүүмжлэлтэй холбоотой юм.
Кино академийн мэдэгдэлд “Уран бүтээлийн үнэлгээний үндсэн шалгуур нь хүн байх ёстой” гэдгийг онцолсон бөгөөд техник, технологийн хэрэглээ нь дангаараа бүтээлийн чансааг тодорхойлохгүй гэдгийг тодорхой дурджээ.
Эх сурвалж: AFP, Hollywood Reporter