Гурав дахь удаагийн “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу тоглолт тавдугаар сарын 24, 25-нд “Степп Арена” мөсөн ордонд зохион байгуулагдана. Энэ удаагийн шоуг дэлхийд нэрээ алдаршуулсан уран гулгалтын спортын одууд чимж, шилдэг үзүүлбэрүүдээ хүргэхээр Монголд ирэх гэж байна.
Шоуны гол оролцогчдоос дурдвал:
-
Евгения Медведева – Олимпын хошой мөнгөн медальт, дэлхийн болон Европын хошой аварга
-
Алексей Ягудин – Олимпын аварга, дэлхийн дөрөв, Европын гурав дахь удаагийн аварга
-
Елизавета Туктамышева – Дэлхийн, Европын болон Бүх Оросын аварга
-
Виктория Синицина, Никита Кацалапов – Олимпын хүрэл, дэлхийн болон Европын аваргууд
-
Александр Энберт – Олимпын мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт
Мөн Монгол, ОХУ, Гүрж, Беларусийн залуу уран гулгагчид оролцохоор бэлтгэлээ хангаж буй бөгөөд Монгол Улсаас О.Мишээл нэр бүхий тамирчин энэ шоунд оролцох юм.
“Степп Арена”-гийн менежер Ж.Санчирийн хэлснээр, мөсөн талбайн чанарыг хадгалахын тулд 3.5–4.5 хэмийн температурт, +50 хэмийн усаар усалж бэлтгэдэг байна. Монгол Улсад анх 2023 оны нэгдүгээр сард “Тал нутгийн мөсөн шоу”, тавдугаар сард “Уран гулгалтын одод Монголд” тоглолт амжилттай болсон бөгөөд үзэгчдийн сонирхлыг ихээр татсан шоуны тасалбар гурван хоногт бүрэн зарагдаж байжээ.
Уран гулгалт нь хүч чадал, уян налархай байдал, авьяас чадварыг бүжиг, хөгжим, гэрэл, жүжигчилсэн элементүүдтэй хослуулан мөсөн дээр гүйцэтгэдэг урлаг болон спортын онцгой төрөл юм. Энэ шоу тоглолт нь тус спортыг олон нийтэд илүү таниулах, Монголын уран гулгалтын хөгжилд түлхэц болох ач холбогдолтой гэж үзэж байна.
Шоуны үеэр “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун дэлхийн аварга Евгения Медведевагийн хамт, “Номин талст”-ын дуучин А.Хаянхярваа хосын төрлийн аваргууд Кацалапов, Синицина нартай хамтарсан үзүүлбэр толилуулах нь онцлох хэсэг болж байна.
Тасалбарыг Ticket.mn сайтаас онлайнаар захиалах боломжтой.
Эх сурвалж: Степп Арена, AFP