Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын удирдлагууд “Страто” хэмээх хувийн компанид үйлчилж, хууль бусаар шийдвэр гаргасан тухай тус сумын иргэн, ИТХ-ын төлөөлөгчийн ярилцлагыг “Ардчилал таймс” сонинд нийтэлсэн билээ. Уг ярилцлагын дараа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хороо хариуцсан хэсгийн байцаагч, ахмад Б.Ундармаа гэгч эмэгтэй манай редакци руу утсаар ярьж, “Танай сонинд нийтэлсэн ярилцлагатай холбоотойгоор “Страто” компани гомдол гаргасан учир, ярилцлагыг нийтэлсэн сэтгүүлч ирж мэдүүлэг өгөх шаардлагатай байна” гэсэн юм. Бид ахмад Б.Ундармаад, “Та үүнийгээ албан ёсоор, бичгээр ирүүлбэл бид очиж шаардлагатай мэдүүлгийг өгье” гэсэн боловч өнөөдрийн байдлаар манай редакцид хаягласан ямар нэгэн албан бичиг ирээгүй л байна.
Харин өөрийгөө Б.Ундармаа гэж танилцуулсан байцаагч энэ хугацаанд бидэн рүү, “Та бүхэн завгүй байгаа бол би өөрөө ажил дээр чинь очиж асуух зүйлээ асууя” гэсэн утгатай мэссежийг илгээж байв.
Энэ бүхнийг нуршиж буйн учир нь, “Страто” хэмээх компани хууль хүчин, төрийн албаныхныг дарга, цэрэгтэй нь хамт хөдөлгөж буйн учрыг ухах гэснийх. Юуны түрүүнд, монголын цагдаагийн албан хаагчид ямар үед өөрийгөө ахмад Б.Ундармаа гэж танилцуулсан энэ эмэгтэй шиг гомдол гаргагчийн талд ийнхүү идэвх зүтгэлтэй ажилладаг болж орхив гэдэг нь гайхал төрүүлж байна. Сэтгүүлч би бээр өмнө нь өөрөө ч гэмт хэргийн хохирогч болж, цагдаад хандаад, энэ салбарт байдаг хүнд суртал, хөшүүн, хойрго хандлагыг нүдээрээ харж, биеэрээ мэдэрсэн хүн учраас ингэтлээ гайхаад байгаа хэрэг.
Ер нь манай хууль хүчнийхэн, төрийн албан хаагчид ямар үед, хэний төлөө “хөнгөн араа”-ндаа хийдэг вэ гэдгийг “Страто” хэмээх ганцхан компанитай холбоотой асуудлууд дээр анзаараад үзлээ. Ингээд үйл явдал хэрхэн эхэлсэн, бас хэрхэн өрнөж буйг өгүүлье.
Төсөл ч үгүй, ТЭЗҮ ч үгүй үйлдвэрт газар хүссэн “Страто” ХХК
“Страто” компани 2018 оны дөрөвдүгээр сарын 23-нд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг дарга В.Бат-Эрдэнэд хандан тус сумаас хойш 10 км орчим зайд уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар газар хүсчээ. Үйлдвэрлэл нь нүүрс угаах, баяжуулах зориулалттай байна гэж уг хүсэлтэд дурджээ. “Страто” компани энэхүү хүсэлтийг гаргахдаа үйлдвэрлэлийнхээ ТЭЗҮ, болон төслийн дэлгэрэнгүй танилцуулгыг хавсаргасангүй. Харин бичгийн 10 хуудас орчим хар, цагаанаар хэвлэсэн, маш товчхон танилцуулга маягийн цаасыг хавсаргасан байв.
Сумын засаг ноёнд хаягласан энэхүү хүсэлт ирэхийн өмнөхөн буюу 2018 оны гуравдугаар сарын 13-нд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар /ГХГЗЗГ/-ын дарга Ц.Ганхүүгийн гарын үсэгтэй таван төрлийн чиглэлийг аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ирснийг Шивээговь сумын Засаг дарга В.Бат-Эрдэнэд мөн хүргүүлсэн байв. Тэрхүү чиглэлд, “Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулахдаа газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын ерөнхий хөгжлийн болон хэсэгчилсэн төлөвлөгөө, сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө зэргийн нарийвчилсан судалгаа, зураг төсөл бүхий баримт бичгүүдийг үндэслэн иргэдийн олон нийтийн оролцоо, санал санаачлагыг тусгаж урьдчилсан судалгаат тооцоог сайтар хий” гэсэн байж. Гэтэл дээр өгүүлсэнчлэн, “Страто” компанид барих гээд буй үйлдвэрийнх нь талаар нарийвчилсан зураг төсөл, судалгаа гэх зүйл байсангүй.
Түүнчлэн, төрийн захиргааны төв байгууллага /ГХГЗЗГ/-аас нь ирүүлсэн дээрх чиглэлд, “Улсын төсвийн хөрөнгөөр хийх бүтээн байгуулалтын ажлууд болон төсөвт байгууллагын хэрэгцээнд зайлшгүй эзэмшүүлэхээс бусад тохиолдолд батлагдсан төлөвлөгөөнд тодотгол, өөрчлөлт хийхгүй” гэсэн байв. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, “Тухайн жилийн төлөвлөгөөнд тусгаагүй газарт газар эзэмших, ашиглах зөвшөөрөл өгөхгүй” л гэсэн үг.
“Яадаг юм, би авлига авсан. Түүгээрээ годон гутал авчихлаа”
Энэ үйл явдал муухан зохиолтой хошин шогийн үзүүлбэрээс хавь илүү инээдтэй, бас эмгэнэлтэйгээр өрнөжээ.
Шивээговь сумын Засаг дарга В.Бат-Эрдэнийн хүсэлтээр тус сумын ИТХ 2018 оны тавдугаар сарын 15-нд хуралдаж, ГХГЗЗГ-ын дарга Ц.Ганхүүгийн өгсөн чиглэл болон хэд, хэдэн хуулийн заалтыг зөрчин “Страто” ХХК-д үйлдвэрийн зориулалтаар хүссэн газрыг нь олгосон юм. Энэ хурал болохын өмнө Шивээговь сумын ИТХ-ын 21 төлөөлөгч “Страто” компанид газар олгох нь “Зөв”, “Буруу” гэсэн хоёр байр суурь дээр санал зөрсөн байна. “Буруу” гэж үзсэн нь нэг гишүүнээр илүү гарч, олонх болсон байж. Шалтгаан нь дээр дурдсан хууль бус үндэслэлүүд, бас тус үйлдвэрлэл нь Шивээговь сумын байгаль орчин, иргэдийн амьдрах орчинд хор нөлөөтэй гэж үзсэнийх. “Хамгийн гол нь энэ асуудлыг Нийтийн сонсголын тухай хууль болон Засаг захиргааны нэгжийн тухай хуулийн дагуу сумынхаа иргэд нийтийн саналаар шийдэх ёстой” гэж дээрх 11 төлөөлөгч үзэж байв.
Гэвч Шивээговь сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэбат энэхүү хүсэлтийг авч хэлэлцэхээр сумын ИТХ-ыг шөнийн 22:00 цаг өнгөрч байхад хуралдуулжээ. Хар шөнөөр хуралдах болсон шалтгаан нь энэхүү шийдвэрийг эсэргүүцэж байсан 11 төлөөлөгчөөс нэг нь “ор сураггүй” алга болсноос болжээ. Түүнийг сум даяараа шахуу “эрэн сурвалжилсны” эцэст “баривчилж” авчраад хуралдсан байна. Хачирхалтай нь, сураггүй алга болж, болж ирсэн тэрхүү төлөөлөгчийн санал тэрхүү хурал дээр нөгөө талдаа буюу “Страто”-д газар олгохыг дэмжсэн тал руу урвачихсан байв. Хожим нь тэрээр хөлчүүдээ, “Яадаг юм. Би мөнгө аваад өрөө төлүүлчихсэн. Бас годон гутал авч өмссөн” хэмээн агсамнаж байгаа дүрс бичлэг хэн нэгний гар утсан дээр буусныг сэтгүүлч миний бие өөрийн нүдээр үзсэн билээ.
Говьсүмбэр аймгийн шүүгч З.Ганзоригт ч “но” байна
Шивээговь сумын ИТХ тэр шөнө “Страто” ХХК-д зөвшөөрөл олгохдоо бас нэгэн ноцтой зөрчил гаргасан нь тус сумын нутаг дэвсгэрт өмнө нь ашиглалтын лиценз авсан “Экүй Сора” компанийн газар дээр давхцуулан олгожээ. Сумын Засаг дарга В.Бат-Эрдэнэ, ИТХ-ын дарга Ц.Эрдэнэбат нар энэ газар өөр компанийн ашиглалтын лицензтэй давхцаж байгааг мэдэхийн дээдээр мэдэж байж. Ийм том зөрчил, улаан цайм хууль зөрчсөн шийдвэрийг гаргах хөшүүргийг тэдэнд хэн өгөв гэдэг асуултыг уншигч таньд нээлттэй үлдээе.
“Страто” ХХК-д газар олгосон хууль зөрчсөн учир уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар Шивээговь сумын ИТХ-ын төлөөлөгч А.Баасанхүү, иргэн Ц.Дэлгэрсүрэн, малчин Т.Ганзориг нар Говьсүмбэр аймгийн шүүхэд ханджээ. Нэхэмжлэлийн шаардлагад, “Хууль зөрчин олгосон гэж үзэж байгаа Шивээговь сумын ИТХ-ын 2018 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоол болон Шивээговь сумын Засаг даргын 2018 оны тавдугаар сарын 24-ний А/70 тоот захирамжийг хүчингүй болгох” гэж бичсэн байна. Мөн сүүлд нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмж, Шивээговь сумын Засаг даргын “Страто” компанид газрын гэрчилгээ олгосон захирамжийг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэж.
Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүгч З.Ганзориг гомдол гаргасан иргэнийг “Та малчдыг төлөөлж шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орох эрхээ аваагүй хүн байна” гэсэн “үндэслэл” хэлээд тэдний шаардлагыг хүчингүй болгожээ. Түүнээс биш шаардлагад дурдсан, хууль зөрчсөн заалтуудын талаар авч хэлэлцэж, түүнд нь хариу хэлсэнгүй. Магадгүй, хүсээгүй гэж хэлбэл үнэнд нийцэхээр харагдаж байгаа юм.
“Страто”-гийн хүслийг биелүүлэгч “бэрд”-үүд
Өдгөө байдал ямар байна вэ гэхээр, “Страто” компани Шивээговь сумаас хойш есөн км орчим газарт нүүрс баяжуулах үйлдвэрээ бариад үндсэндээ дуусч байна. “Страто” компанийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа газар нь Шивээговь сумын салхин дээр байрлаж буй. Өөрөөр хэлбэл, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн урд, тус уурхайтай харьцуулахад сумын төв рүү долоон км-ээр ойр зайд “Страто” ХХК баяжуулах үйлдвэрээ бариад буй юм.
Говийн хөрс эмзэг, хуурай. Шивээ-Овоогийн уурхайгаас байнга босч байдаг тоос, шороон дээр нэмж тоос тоосонцор үүсгэх нөхцөл ийнхүү бүрдчихээд байна. Түүнээс гадна “Страто” компани үйлдвэрт баяжуулах нүүрсээ Өмнөговь аймгийн Цогтцэций сум буюу Тавантолгойн уурхайгаас 400 км замаар зөөхөөс 17.5 км нь Шивээговь сумын нутаг дэвсгэрээр дайрч буй.
Энэ зам Говьсүмбэр болон Шивээговь сумын нийт 12 малчин өрхийн 17-18 өвөлжөө, хаваржааны газраар дайрч байгаа. Энэ утгаараа мөн л хуулийн дагуу, тодруулбал, Байгаль орчны тухай хууль, Газрын тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль, Засаг захиргааны нэгжийн тухай хуулийн дагуу эрх нь зөрчигдөж байгаа иргэдээсээ санал авч байж зам тавих зөвшөөрлийг олгох ёстой. Харамсалтай нь, Шивээговь сумын Засаг дарга С.Ягаанцэцэг, ИТХ-ын дарга Ц.Эрдэнэбат нар саяхан мөн л эдгээр хуулийг зөрчиж, дур мэдэн саналыг дэмжиж, зөвшөөрөл өгчээ. Энэ бүхнээс харахад, Шивээговь сумын удирдлагууд “Страто” компанийн хувьд хүсэл биелүүлэгч бэрд болж хувирчихаад байна.
Сумын ИТХ-аар нүүрс тээвэрлэх энэхүү маршрутыг баталсны балгаар Шивээговь сум дараагийн “Цагаан хад” болох нөхцөл бүрдчихээд байна. “Страто” компанийнхан нүүрс тээвэрлэх замынхаа хөрсийг хуулж эхэлсэн бөгөөд говийн хуурай шороо салхинд босч, тэнгэр, газрыг “нийлүүлчихсэн” байгааг гэрэл зургаас харж болно.
Яагаад гэхээр, энэ суманд уул уурхайн нөлөөгөөр сүүлийн жилүүдэд цөлжилт эрчимтэйгээр бий болж, жилийн дөрвөн улирлын турш салхитай байдаг болсон билээ.
Сумын ИТХ-ын хууль зөрчиж баталсан энэ маршрутаар өдөрт хүнд даацын дор хаяж 50 машин нааш, цааш хөлхөнө гэж байгаа.
“Залхаах технологи” ба иргэдийнхээ эсрэг тэмцэгч ИТХ
Нийтлэлийн эхэнд өгүүлсэнчлэн, төрийн албан тушаалтнуудаар хууль бус шийдвэр гаргуулдаг чадвар гэх үү, увидас гэх үү, нэг тийм хүчин зүйл байна уу гэвэл үнэхээр байна. “Ардчилал таймс” сонины редакци руу цагдаагийн ажилтан гэх нэрээр яриулж, дарамт үзүүлж буй нь “Страто”-гийн хувьд гаршчихсан, “залхаах технологи” бололтой.
Шивээговь сумын ИТХ, Засаг даргын гаргасан хууль бус шийдвэртэй холбоотойгоор шүүхэд хандсан, тус сумын ИТХ-ын төлөөлөгч А.Баасанхүүг тус компанийн зүгээс гурван ч өөр үндэслэлээр буюу гурван удаа хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж, аймгийнх нь цагдаа, шүүхийн үүдийг сахиулсан байдаг. Нийслэлийн иргэн дүүргийнхээ цагдаад дуудагдах нь цаг хугацааны хувьд хохирол багатай байж болно. Харин сумаас байсгээд аймгийн төв рүү дуудагдана гэдэг өөрөө яалт ч гүй “залхаах технологи” гэж харагдахаар байна.
Бас “Страто” компанийн баяжуулах үйлдвэрээс хоёрхон км зайд байдаг, хоёрдугаар багийн малчин Т.Ганзоригийг мөн энэ компани дээр очиж эсэргүүцлээ илэрхийлсэн, ИТХ-ын баталсан маршрутаар нүүрсний машин явуулахгүй гэж байр сууриа илэрхийлсэн гэдэг шалтгаанаар Шивээговь сумын цагдаа, хошууч н.Баасанжав үүдэндээ хэдэн цагаар хүлээлгэж суулгаад байцаалт авдаг болжээ. Ямар ч албан бичиг явуулахгүй, хэн нэгний гаргасан албан ёсны гомдол, үндэслэлгүйгээр дуртай цагтаа утсаар залгаж, “Ирж байцаалт өг. Үгүй бол баривчилна” гэж дарамталдаг болсон байна. Зөрчлийн тухай хууль гарснаас хойш малын хулгайчийг хүртэл барьж хорих эрхгүй болчихсон цагдаа нар алгын чинээ малын бэлчээрээ авч үлдэхээр аман тэмцэл хийж буй малчдаа дарамталж суухаасаа ч ичихгүй байгааг юу гэж ойлгох вэ.
Малчдын эсэргүүцэлтэй тулгарсныхаа дараа “Страто” ХХК-ийнхан сумын ИТХ-ын баталсан маршрутаас хазайж, дур мэдэн дахин өөр нэг замын маршрутыг гаргаад хөрс хуулж эхэлсэн байна. Өнөөх малчин Т.Ганзоригийг утсаар дуудан байцаадаг цагдаа нарт эргээд энэ тухай хэлэхээр, “Байгаль орчны байцаагчдаа хэл” гээд утсаа тасалчихдаг гэж байгаа. Харин байгаль орчны байцаагч, Засаг дарга нь утсаа авдаггүй талаар малчин Т.Ганзориг ярьж байна. Тэр ч бүү хэл, малчид, иргэд сумынхаа ИТХ-ын дарга Ц.Эрдэнэбаттай уулзаж, байр сууриа илэрхийлснийхээ төлөө ИТХ-ын нэгэн төлөөлөгчийн эхнэрийн амнаас “Эндээс гар, явж нүүрээ угаацгаа” гэдэг үг сонссон удаа ч бий гэнэ.
Сонгуульд нэрээ дэвшүүлэхдээ, “Би та бүхнийг төлөөлнө” гэж иргэддээ амлаж итгэлийг нь хүлээсэн албатууд ийнхүү эсрэгээрээ иргэдтэйгээ тэмцэл өрнүүлж, иргэдийнхээ эрх ашгийг уландаа гишгэж, жирийн малчдаа халтар хултраар нь дуудаад сууж байна. Тэднийг өөрсдийгөө албан тушаал, эрх мэдлийн хөлгүй далайд умбасан хэмээн эндүүрэн “нисч” буй энэ цагт говийн нэгэн жижигхэн сумын байгаль орчин, хүн, мал нь сүйдэх нөхцөл ийнхүү бүрджээ. Иргэдээ, малчдаа хамгаалах, тэдний эрх ашгийн төлөө дуугарах дарга, төрийн тамгатай хүн өнөөдөр Шивээговь суманд байтугай Монгол Улсад байхгүй байна гээд бод доо.
“Страто” ХХК-ийг ийнхүү давраах болсон шалтгаан нь тус компанийн захирал Б.Баттүшигийн ард улс төрийн нөлөө бүхий албан тушаалтан бий гэх мэдээлэл ч байна.
Үргэлжлэл бий...
Х.Хулан "Ардчилал таймс" сонин
Холбоотой мэдээ: Шивээговь сумынхан “Эйкү Сора” компанийн мэдэлд байна