x

Шивээговь сумынхан “Эйкү Сора” компанийн мэдэлд байна

-“Страто” компани Шивээговь сумыг дараагийн “Цагаан хад” болгох нь-

Бүхэл бүтэн сумын иргэд ганцхан компанийн лицензтэй талбай дээр амьдарч байна гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй болов уу. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрийн 30 хувь нь өдгөө “Эйкү Сора” гэх ганцхан компанийн эзэмшилд оччихсон байна. 3000 гаруй хүн амтай энэ сумынхан Шивээ-Овоогийн нүүрсний уурхайгаа түшиглэж амь амьжиргаагаа залгуулсаар 30 дахь жилтэйгээ золгоод буй.

Говийн хөрс эмзэг, ус унд хомс. Нүүрс олборлолтын нөлөөгөөр энэ сум сүүлийн 15 гаруй жилийн хугацаанд эрчимтэй цөлжиж, газрын доройтол бодитоор нүүрлэж байгааг сэтгүүлч миний бие өөрийн нүдээр харж байгаа билээ. Гэвч энэ сумынхны амьжиргаагаа залгуулж буй хамгийн том эх үүсвэр гэдэг утгаараа Шивээ-Овоогийн уурхайдаа буруу өгөхөд хэцүү.

Харин ойрноос өөр нэг аюул, эрсдэл Шивээговь сумынханд шинээр үүсчээ. Тэр нь сумын төвөөс 10 орчим км зайд нүүрс баяжуулах үйлдвэр байгуулж буйтай холбоотой. Нутгийн иргэдийн амь, амьжиргаанд дорвитой ач тусаа үзүүлэхгүйн дээр Шивээговь сумыг дараагийн “Цагаан хад” болгож хувиргах эрсдэл нүүрлээд байна. Сумын удирдлагууд нь энэхүү зөвшөөрлийг олгох гэж улайрахдаа хуулийг хүртэл уландаа гишгэн байж захирамж гаргасан бол, Говьсүмбэр аймгийн шүүгч энэхүү захирамжийг хүчингүй болгохоор хандсан сумын иргэдийн гомдлыг хүлээж авсангүй.

Энэ талаар Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэн, сумын ИТХ-ын төлөөлөгч А.Баасанхүүтэй уулзаж ярилцсанаа хүргэе.

-Шивээговь сумын удирдлагууд хууль зөрчин байж, “Страто” нэртэй компанид тус суманд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгосон гэж үзээд тодорхой хэмжээнд тэмцэл өрнүүлээд явж байгаа хүн нь та. Хууль зөрчсөн гэж үзэж байгаа үндэслэл нь юу юм бол?

-Нэгдүгээрт, Шивээговь сумын төвөөс хойш 10 км орчим газарт “Страто” компанид нүүрс угаах үйлдвэрийн зориулалтаар газар олгосон нь өмнө нь 2015 онд “Х” лиценз авсан “Эйкү Сора” гэгч компанийн газартай давхцаж байгаа. Ухаад яривал “Эйкү Сора” компанид ч мөн энэ газрыг хууль бусаар лиценз олгосон, түүнд нь манай сумын удирдлагууд тусалсан байдаг юм билээ. Хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгоход нь тусалж, холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлж өгсөн нь хууль бус байсан.

Нэг ёсондоо “Эйкү Сора” компанийнхан, “Бид нар ухна, та нар нүү” гэвэл нүүлгэхээр хэмжээнд хүрчихээд байгаа юм. Шивээговь сумын иргэдийн өмчлөлийн газар, малчдын өвөлжөө, хаваржаа, иргэнд эзэмшүүлсэн газрын багагүй хэсэг нь “Эйкү Сора”-гийн эзэмшилд очсон энэ газартай давхцчихаад байгааг дурьдах нь зүйтэй байх.

-“Страто” ХХК-ийнхан анх Шивээговь сумын удирдлагуудтай хэрхэн холбогдсон талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-“Страто” компанийнхан хамгийн анх 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Засаг дарга В.Бат-Эрдэнэд хаяглан үйлдвэрлэлийн зориулалтаар газар хүссэн. Албан бичигт, “Манай компани монголдоо томоохонд тооцогдох шохойн чулуу угаах боловсруулах гөлтгөнө тээвэрлэх, нүүрс угаах, баяжуулах барилга бүхий уул уурхайн үйлдвэрлэл явуулах зорилттой ажиллаж байна. Бид эдийн засгийн болоод дэд бүтцийн харилцан хамаарал бүхий таатай орчин, газар орон нутгийн байршил зэргийг судалсны үндсэн дээр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын олон улсын төмөр зам дагуух байрлалд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах төдийгүй төслийг хэрэгжүүлснээр эхний ээлжинд 400 гаруй ажлын байрыг шинээр бий болгож, сум орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, цаашлаад аймаг, орон нутгийн төсөв болон сум хөгжүүлэх сан зэрэгт ихээхэн хэмжээний орлого төвлөрүүлж, орон нутаг болоод компани хооронд байгуулах нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд Шивээговь суманд тулгамдаад буй дэд бүтэц, зам харилцаа зэрэг томоохон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байна. Иймд манай компанийн хүсэлтийг харгалзаж, Монгол Улсын Газрын тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, хавсралтад үзүүлсэн байршлын кадастрын зургийн солбилцлоор Шивээговь сумын 21 дүгээр зөрлөгийн баруун урд орчимд газар олгох зөвшөөрлийг сумын ИТХ-д өргөн мэдүүлж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэсэн. Засаг дара В.Бат-Эрдэнэ “Страто” компанийн энэхүү хүсэлтийг судалж үзэхийг ажилтнууддаа үүрэг болгосон.

Ингээд ИТХ руу оруулж ирсэн. 2018 оны тавдугаар сарын 15-нд ИТХ хуралдаад энэ газрыг “Страто” компанид олгосон юм. Энэ хурал дээр ИТХ-ын зарим төлөөлөгч, “Энэ газрыг олгохоосоо өмнө Шивээговь сумын нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой эсэх нь тодорхой биш, байгаль орчин болон хүн, амьтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм байна. Тэгэхээр хуралдъя, хуулийнхаа дагуу ИТХ дээр иргэдээрээ хэлэлцүүлье” гэсэн санал гаргасан.

Тэгтэл нэр бүхий 11 төлөөлөгч, “Тэгэх шаардлагагүй ээ. Иргэд бидэнд тэр эрхийг өгсөн. Бид мэдэж байна” гэж дайраад л энэ газрыг “Страто” компанид өгсөн. Уг нь иргэдээ төлөөлнө гэдэг нь иргэдтэйгээ уулзаж, ярилцаж асуугаад, иргэдийнхээ зөвлөмжийг дагахыг хэлнэ л дээ. Гэтэл тэд иргэд намайг нэгэнт сонгосон учраас би тэднийг төлөөлж, бүх шийдвэрийг гаргах ёстой гээд ойлгочихсон шиг байгаа юм. Ингээд энэ газрыг “Страто” ХХК-д хууль бусаар өгсөн.

Яагаад хууль бус гэж хэлээд байна вэ гэхээр, нэгдүгээрт, иргэдээсээ санал асуугаагүй, хоёрдугаарт, Нийтийн сонсголын тухай хууль болон Засаг захиргааны нэгжийн тухай хуулийг зөрчсөн, ИТХ-ын төлөөлөгч гэдгээ умартаж мартсан. Гуравдугаарт, дээр өгүүлсэнчлэн лицензтэй талбайд давхцуулж газар олгосон.

-“Экүй Сора” компани өөрийнх нь лицензтэй талбайд газар олголоо гэж гомдол гаргаагүй юм уу?

-Үгүй, сүүлд нь гомдол гаргана гээд явж байсан. Энд нэг зүйл нэмж өгүүлэхэд, Газар зохион байгуулалт, Геодези зурагзүйн газраас Ц.Ганхүү даргын гарын үсэгтэй таван төрлийн чиглэлийг 2018 оны гуравдугаар сарын 13-нд Аймгуудын Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар /ГХБХБГ/ болон Нийслэлийн газрын албадад ирүүлсэн байсан. Өөрөөр хэлбэл, Шивээговь сумын ИТХ “Страто” ХХК-д газар олгох эсэх талаар хуралдсан тэр өдрөөс хоёр сарын өмнө энэхүү чиглэл Говьсүмбэр аймагт ирснийг Шивээговь сумын Засаг дарга В.Бат-Эрдэнэд мөн хүргүүлсэн байгаа юм.

Энэхүү чиглэл дээр, “Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулахдаа газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын ерөнхий хөгжлийн болон хэсэгчилсэн төлөвлөгөө, сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө зэргийн нарийвчилсан судалгаа, зураг төсөл бүхий баримт бичгүүдийг үндэслэн иргэдийн олон нийтийн оролцоо, санал санаачлагыг тусгаж урьдчилсан судалгаат тооцоог сайтар хий” гэсэн байсан. Гэтэл “Страто” компанид барих гээд байгаа үйлдвэрийнх нь талаар ямар нэгэн нарийвчилсан зураг, судалгаа, зураг төсөл байгаагүй. Зүгээр л интернэтээс татчихсан зүйлээ А4-ийн цаасан дээр хэвлэчихсэн байсан. Үүнийгээ ИТХ-ын төлөөлөгч нарт тараасан.

Үүгээрээ буруутсан. Төрийн захиргааны төв байгууллагаас нь чиглэл ирсээр байтал Засаг дарга болоод Тамгын газрын даамал нь түүнийг зөрчиж ИТХ-тайгаа үгсэн хуйвалдаж энэ газрыг “Страто”-д өгсөн. Мөн “Шинээр эзэмшүүлэх, өмчлүүлэх ашиглуулах газрыг төлөвлөхдөө заавал урьд өмнө хийсэн газар зохион байгуулалт, хот байгуулалтын төлөвлөгөө, зураг төслийг үндэслэж байх” гэсэн чиглэл байгаа юм. Шивээговь сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд энэ газар ороогүй байсан. Гэтэл сумын удирдлагад үүнийг “нэмэлтээр” гэж зүйл санаанаасаа зохиож оруулж ирээд олгочихсон. Үүний цаана хуйвалдаан байгаа гэж үзэхээс өөр аргагүй.

Ц.Ганхүү даргын өгсөн тэр чиглэлд мөн “Улсын төсвийн хөрөнгөөр хийх бүтээн байгуулалтын ажлууд болон төсөвт байгууллагын хэрэгцээнд зайлшгүй эзэмшүүлэхээс бусад тохиолдолд батлагдсан төлөвлөгөөнд тодотгол, өөрчлөлт хийхгүй” гэж байгаа юм. Тэгтэл үүнийг нь бас зөрчсөн. Шүүх дээр үүнийг нь хэлэхээр, Наадах чинь хууль биш, зүгээр л нэг чиглэл. Шивээговь сумын удирдлага чиглэлийг барьж ажиллаагүй юм байна, гэхдээ хууль зөрчөөгүй байна” гэж шүүх тайлбарлаж байгаа юм.

-Шүүхэд хэн гомдол гаргасан бэ?

-Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гурван хүн нэхэмжлэл гаргасан. “Страто” компанийн барьж буй барилгын хойд талд амьдардаг малчин Т.Ганзориг, Шивээговь суманд амьдардаг иргэн Ц.Дэлгэрсүрэн бид гурав. Нэхэмжлэлийн шаардлагад, “Хууль зөрчин олгосон гэж үзэж байгаа Шивээговь сумын ИТХ-ын 2018 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоол болон Шивээговь сумын Засаг даргын 2018 оны тавдугаар сарын 24-ний А/70 тоот захирамжийг хүчингүй болгох” гэж бичсэн. Сүүлд нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг бас нэмсэн. Шивээговь сумын Засаг даргын А/95 захирамжийг мөн хүчингүй болгуулах гэж. Энэ нь “Страто” компанид газрын гэрчилгээ олгосон захирамж.

-Лиценз давхцуулж газар олгосон, иргэд нийтээсээ асуугаагүй гэх мэт хууль зүйн үндэслэлээс өөрөөр “Страто”-гийн нүүрс угаах үйлдвэрийг бариулахгүй гэж эсэргүүцэх өөр ямар үндэслэл байгаа вэ?

-“Страто” компанийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа газар нь Шивээговь сумын салхин дээр байрлаж байна. Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн урд, тус уурхайтай харьцуулахад сумын төв рүү долоон км-ээр ойр зайд. Шивээ-Овоогийн уурхайгаас байнга тоос, шороо босч байдаг. Үүн дээр нэмж тоос тоосонцор үүсгэх нөхцөл бүрдчихээд байна.

“Страто” ХХК-ийнхан нүүрс угаахдаа нойтон технологийн арга хэрэглэнэ гэж байгаа боловч нүүрсээ Шивээ-Овоогийн уурхайгаас авахгүй юм билээ. Тэгэхээр аль нэг уурхайгаас машинаар тээвэрлэж ирж таарна. Хүмүүсийн дам яриагаар Дундговийн Баянжаргалангийн Хөөтийн уурхайгаас нүүрс зөөнө гэсэн.

Тэр нь Шивээговь сумаас 50 км орчим зайтай. Нүүрсийг тэндээс зөөвөл Шивээговь сумын төвийн баруун талаас орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр Шивээговь сумын яг араар нүүрс тээвэрлэлтийн зам нь явах нь. Мэдээж, тэр замыг байнга усална гэж байхгүй. Том машинууд говийн эмзэг хөрсөн дээр 50 км дагуу хоёр талдаа тоос босгож явах нь тодорхой болчихоод байна. Тэр дагуух өвс ногоо, малын бэлчээр сүйднэ. Өмнөговь аймгийн “Цагаан хад”-ны хувь заяа энд давтагдана гэсэн үг шүү дээ.

-Нойтон технологи ашиглана гэв үү. Говь усаар дутна уу гэхээс илүүдэхгүй баймаар?

-Газрын гүний усыг ашиглах гээд байх шиг байгаа юм. “Страто” компани нүүрс баяжуулах үйлдвэр барьсан тэр газартаа гүний хоёр том худаг барьчихаад байгаа.

Манай “Шивээ-Овоо”-гийн уурхай өөрөө байгаль орчинд хор хөнөөлтэй уурхай. Газрын гүний усыг шавхаж гадарга дээр гаргаж ирдэг. “Шивээ-Овоо”-гийн гүний усыг гадарга дээр ил гаргасан нь усны нөөцийг багасгаж байгаа ч нөгөө талаараа түүгээр нь хиймэл нуур үүсгэж загас үржүүлж, мал ундаалж байна. Аймаг, сумынхан маань тэнд амралт, зугаалга хийдэг, ногоо тарьж усалдаг гэх мэт эерэг үр дагавар ч бий.

Харин “Страто” газрын гүний усаар нүүрсээ угааж, бохирдуулаад, угаасан нүүрснийхээ лаг, тоос болчихсон усыг хаашаа хийх нь тодорхойгүй байна. Ямар нэгэн цэвэрлэх байгууламж одоогийн байдлаар бариагүй байгаа. Түүнийгээ харуулах тодорхой төсөл ч байхгүй. Анх ИТХ-д танилцуулахдаа “ТЭЗҮ-гээ хятадад хийж байгаа, хятад хэлнээс орчуулж байгаа” гэж хэлсэн ч түүнийгээ үзүүлээгүй.

-ТЭЗҮ-г ИТХ-д танилцуулахаасаа өмнө хийчихсэн байх ёстой юу?

-Зарчмын хувьд тийм л баймаар. “Харанхуй”-гаар өгнө гэж байхгүй. Тухайн үед тэр газрыг өгөхийг эсэргүүцэж байсан төлөөлөгч нар ТЭЗҮ-г нь нэхэж байсан. “Үзье, тэгж байгаад сум, орон нутгийнхантайгаа ярилцъя” гэж байхад 11 төлөөлөгч нь олонхоороо дайраад өгчихсөн.

-“Энэ газрыг өгөхгүй” гэсэн байр суурьтай төлөөлөгчийн тоо өгнө гэж байсан төлөөлөгчдийнхөө тооноос нэг хүнээр илүү байсан гэдэг. Явцын дундаас нэг хүн нь худалдагдчихсан гэж ч ярьдаг юм билээ?

-Тэр хүн гэнэт санаа нь цаашаа эргэчихсэн. Мөнгө, санхүүгийн л ашиг сонирхол байсан байх. Өөрөө ч мөнгө төгрөг авсан гэж ярьсан сураг байдаг л юм. Зүгээр байж байгаад хүн цаашаа явна гэж байхгүй л дээ. Тэр нь мөнгөтэй л холбоотой байх.

-“Страто” компани нүүрс баяжуулах үйлдвэрээ бариад дуусчихсан юм уу. Төсөлд танилцуулсан амлалтуудаа биелүүлж чадаж байгаа юу?

-Нүүрс баяжуулах үйлдвэрээ үндсэндээ бариад дуусч байна. Шивээговь сумаас арав хүрэхгүй ажлын байр гаргасан байна лээ. Нүүрс баяжуулах үйлдвэрийг 20-иод хятад ажилчин ирж бариад буцчихсан. Энэ сард үйлдвэрийнхээ нээлтийг хийгээд ашиглаж эхлэх юм гэсэн. Одоогийн байдлаар ямар нэгэн зам Шивээговь сумын нутагт тавиагүй байна. Тэгэхээр эхний ээлжинд шууд байгальд, малын бэлчээр дээгүүр зам гаргаж нүүрсээ тээвэрлэх байх. Тэр хавьд тоос, тортогны нөлөөнд өртөх 20-иод малчин өрх бий.

Би өөрөө малчдыг төлөөлж шүүхэд гомдол гаргасан хүн шүү дээ. Хойшид малчид болон “Страто” компанийн хооронд нэлээн том зөрчил үүсэх болов уу.

“Страто” компани анх газар авахдаа үйлдвэр барих явцад Шивээговь сумаас 80 хүнийг, үйлдвэр ашиглалтад орсны дараа 400 хүнийг ажлын байраар хангана гэж байсан. Гэтэл үйлдвэрээ барьж дуусчихаад байхад хэрүүлтэй амтай 10-аад ажлын байр л бий болгосон.

-Таны ярьж буйгаар хуулийн хэд, хэдэн заалтыг зөрчсөн юм байна. Говьсүмбэр аймгийн шүүх яагаад түүнийг нь харгалзаж үзээгүй юм бол?

-Би анх Шивээговь сумын малчдыг төлөөлж шүүхэд гомдол гаргаад байна гээд явж байтал, шүүгч надад “Та малчдаасаа нотариатаар батлуулж малчдаа төлөөлөх эрх авах байсан, тэгээд ч 2-р багийн төлөөлөгч болохоос биш 1-р багийн иргэн учраас Шивээговь сумын 2-р багийг төлөөлөх эрхгүй , малчдыг төлөөлж шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орох эрхээ аваагүй хүн байна” гэсэн үндэслэл хэлсэн.Түүнээс биш нөгөө хууль зөрчсөн заалтууд дээр төвлөрч, түүнд нь хариу хэлээгүй. Магадгүй, хүсээгүй байх.

“Яахав, хууль зөрчиж багийн ИТХ-аар оруулж энэ газрыг өгсөн Шивээговь сумын Засаг дарга В.Бат-Эрдэнэ болон ИТХ-ын дарга Ц.Эрдэнэбат нарт Төрийн захиргааны хуулиар арга хэмжээ авч болох юм байна. Түүнээс биш, “Страто” компанид газар өгсөн актуудыг түдгэлзүүлэх боломжгүй. Бүх зүйл хууль ёсны дагуу болжээ” гэсэн.

Яг үнэндээ бид “Страто” компанийг ч шүүхэд өгөөгүй юм. Шивээговь сумын ИТХ-ын дарга, Засаг дарга хоёрыг шүүхэд өгсөн байхгүй юу. Тэр хоёрын гаргасан захирамжийг хүчингүй болгуулах гэж.

Би шүүх дээр хэлсэн. “Хүнд зүгээр юмаа өгдөг хүн байдаггүй юм аа. Хууль зөрчин барин шөнө хурал хийж байгаад 11-үүлээ энэ газрыг өгсөн нь сэжигтэй байна. Үүний цаана маш их ашиг сонирхлын зөрчил байна” гэтэл шүүгч, “Түүнийгээ шалгуулдаг газарт нь шалгуул, гомдлоо өг, бид энэ захирамжуудыг түдгэлзүүлэх боломжгүй” гэсэн. Шүүгч нь Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүгч З.Ганзориг гэж хүн бий.

-Шөнөөр хуралдсан гэдэг нь ямар учиртай юм бэ?

-ИТХ хуралдах гэтэл дээр өгүүлсэн, замын дундаас бодлоо өөрчилчихсөн гээд байгаа нэг төлөөлөгч маань дутчихаад байсан юм. Түүнийг олж ирэх гээд л хурлаа хойшлуулсаар байгаад 23:00 цаг болгож байгаад шөнөдөө хуралдаж таарсан. Нэг компанид шийдвэр гаргаж өгөхийн төлөө шөнөөр хуралдсан гэсэн үг.

Сурв: Дугаар шилжих мөчид “Страто” ХХК Шивээговь сумын хойд хэсгээр 100 тоннын даацтай 50 машин зорчуулах замын зөв­шөөрлийг мөн л сумын ИТХ-аар саяхан гаргуулж авсан гэх мэдээллийг бидэнд өглөө. Энэ зам нийтдээ 17 км үргэлжлэх аж.

Х.Хулан "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 15 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 36 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 13 цаг 38 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 18 цаг 53 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 19 цаг 9 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 19 цаг 52 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 20 цаг 2 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top