x

Э.Бат-Үүл: Монгол заавал Венесуэлийн араас явж үзэх ёстой юу?

Өнгөрсөн 4-р сарын 19-ны орой Канадын Торонто хотын тайзны урлагийн "Sony" төвд орчин цагийн хамгийн их шуугиан дагуулдаг хоёр сэтгэгчийн мэтгэлцээн болжээ. Мэтгэлцээний сэдэв нь "Аз жаргал: Капитализм марксизмын эсрэг" хэмээн нэрлэгдсэн байна.

"Хөх булан"-аас сэтгэл зүйч Жордан Питерсон (Jordan Peterson), "улаан булан"-аас философич Слава Жижек (Slavoj Zizek) нар гарчээ. Хөх булангаас гарсан Жордан Петерсон капитализмыг өмгөөлөгч, улаан булангаас гарсан Слава Жижек марксизмыг өмгөөлөгч тус тус болох аж. Энэ мэтгэлцээнийг сонирохвол YouTube-ээс үзэж болно.

Жордан Петерсон “Хүн эрх чөлөөтэй болно гэдэг бол хувь заяагаа сонгох боломжтой болно гэхээсээ илүүтэйгээр хувь заяаныхаа эзэн байх хариуцлагаа гартаа авч байгаа явдал” хэмээн эрх чөлөөг хариуцлагатай холбож философиддогоороо их алдаршсан эрдэмтэн. Капитализм бол өөрөө өөрийгөө хариуцах хариуцлагыг хувь хүнд өөрт нь үүрүүлдэг нийгэм. Хариуцлагаа үүрч чаддаг хүмүүсийн буянаар материаллаг болон оюуны их баялгийг бүтээж чаддаг тогтолцоо. Бусад нийгмийн тогтолцоо нь капитализм шиг баялаг бүтээх чадваргүй гэж тэр бээр үздэг.

Слава Жижек “Эрх чөлөөтэй хүн хэзээ ч аз жаргалтай байж чадахгүй” гэнэ. Хүн эрх чөлөөтэй болно гэдэг бол дур хүсэл (шунал) нь чөлөөлөгдөж байгаа хэрэг. Дур хүсэл чөлөөлөгдсөнөөр хүн байнгын сэтгэлийн зовлонтой болно. Яагаад гэвэл дур хүсэл бол өөрөө өөрийгөө "үйлдвэрлэж" байдаг тул энгийн хэрэгцээгээ хангахаас авхуулаад юу хүсэхээ мэдэхээ болих хүртлээ эзэндээ гүйцэгдэхгүйгээр давшиж байдаг зүйл. Ийнхүү хүн хэзээ ч дур хүслээ хангаж чадахгүй. Үүнээс болоод хүн байнга сэтгэл ханамжгүйд автаж гонсгор байх аж. Тэгэхээр капитализм бол дур хүслийг ямагт өөгшүүлж сэтгэл ханамжгүйн "зовлон"-д хүнийг "унагадаг" тогтолцоо болох нь ээ. Хүний сэтгэл ханамжгүйн эмгэгийг эмчлэх зөв гарц бол "коммунист дарангуйлал" хэмээн мань эр үздэг ажээ.

Ийм хоёр тэс эсрэг үзэл санаатай сэтгэгчид мэтгэлцжээ. Би тухайн мэтгэлцээн дээр хэлсэн тэдний үгсийг тайлбарлан сийрүүлээгүй шүү. Мэтгэлцээн дээр Петерсон, Жижек хоёр тун "манж" үг, хэлээр буюу политкоррект ярьцацгаана билээ. Харин би тэр эрсийн философи дахь хүн болоод нийгмийн тухай хэсгийг нь өөрийнхөөрөө маш товчоор, бас жирийн хүн ойлгохуйц энгийн хэлэхүйд чадан ядан буулган та бүхэндээ хүргэлээ!

Хоёр сэтгэгчийн хэнийх нь талд орох нь манай уншигчдын хэрэг. Харин хэнийх нь үнэн бэ гэдгийг хэн ч шүүж чадахгүй. Лав постмодернистууд ингэж хэлэх буй заа. Юу ч гэлээ, харин Петерсон болон Жижек хоёрын үзэл санааг "зүйж эвлүүлбэл" Монгол Венесуэлийн араас мөр даран явж буй хачин үзэгдлийн учир шалтгааныг дэлгэж болохоор санагдлаа.

Давын өмнө хоёр зүйлийг тодруулъя.

Эхнийх нь: Жижек хувьсгалч зүүнийхэндээ хандан сүйрлийн хохиролтой ч гэсэн "Венесуэлийн тоталитар террор"-ын аргаар капитализмтай тэмцэх нь зөв шүү гэсэн санааг битүүхэн шидээд байдаг юм. Түүний энэ санаа нь бас нэг шийдчихсэн коммунист-маоист Ален Бадью (Alain Badiou)-гийн хүч хэрэглэсэн хувьсгал шиг хүчтэй улс төрийн акц л "үнэнийг гийгүүлнэ" хэмээсэн солиотой "нээлт"-ээс иштэй билээ.

Удаах нь: Капитализм дахь хүний байнгын гонсгор байдлыг нүдийг нь эрээлжлүүлэн дур хүслийг нь татах тоглоомоор дүүрэн "тоглоомын их дэлгүүр"-т орсон хүүхдийн байдалтай адилтган зүйрлэвэл илүү ойлгомжтой болно. Тоглоомын их дэлгүүрт орсон хүүхэд бүх л тоглоомыг авахыг хүснэ. Түүний сэтгэл ханахгүй, гэтэл авах боломж хязгаарлагдмал. Аргагүй эрхэнд байгаа мөнгөндөө тааруулан ганц нэг тоглоом авна. Хажуугаар нь баян хүүхэд орж ирэн авч чадаагүй тоглоомуудыг нь хаман авч байгааг хараад өөрийн эрхгүй атаархана. Энэ бүхэн хүүг гонсойлгож бухимдуулна. Энэ "зураг"-ийг ашиглаж дэлгэлтээ явуулсу.

Капитализм бол баялаг үйлдвэрлэгч ганц тогтолцоо болохынхоо хувьд төрөл бүрийн "тоглоомоор дүүрэн их дэлгүүр" гэсэн үг. Энэ "их дэлгүүр" хүний хүслийг байнга өдөөх атлаа мөнгөөр нь хэмжиж бас байнга "дарамтлан доош нь хийдэг" байна. Дур хүслээ хангаж чадаагүй капитализмын хүмүүс мөнөөх тоглоомоо авч чадаагүй хүүхэд шиг байдалтай байх бөгөөд ямагт сэтгэл гонсгор бухимдуу байхын учир ийм бөлгөө.

Капитализм хүнд эрх чөлөөг сэтгэл ханамжгүй "байх"-тай нь хамт өгдөг юм. Энэ сэтгэл ханамжгүй байдал; мөнгөн орлого нь буурах, ажилгүй болох, ядуурал ихсэх, мөнгөний ханш унах, зарим тэнэг баячуудын аархал, жудаггүй улстөрчдийн авлига зэргийг харахаараа даруй уур хилэн болон хувирдаг. Ийм үедээ эрх чөлөөгөө ч огоорон золиход бэлэн байдаг байна. Чухам үүнийг л капитализмыг нураахад ашиглах хэрэгтэй хэмээн Слава Жижек ичгүүргүйгээр ил цагаан сурталддаг.

Өөрийнх нь нэрлэсэн "Венесуэлийн тоталитар террор" гээч нь капитализмыг халах хувьсгалт өөрчлөлтийн сайн жишээ болох аж. Үнэхээр Слава Жижек капитализм (капитализм гэдэг бол либерал ардчилсан тогтолцоог зөвхөн эдийн засгийн өнцгөөс харж нэрлэсэн нэр билээ) буюу чөлөөт ардчилсан нийгмийн эмзэг цэгийг олж харж чадсан хүн мөн. Тиймдээ ч мань эр барууны коммунистууд, марксистуудын дунд алдаршаад байгаа юм.

Эрх чөлөөтэй хүмүүс хөөж гүйцэгдэхгүй дур хүсэлдээ түүртэн ямагт сэтгэл гонсгор бухимдуу агаад тэр хэрээрээ үг хэлэх эрх чөлөөгөө ашиглан нийгмээ байнга "харлуулан" түүндээ сүүлдээ өөрсдөө итгэж "өвчилдөг". Тэр "өвчин" нь тун хөндүүр болой. "Эвгүй оролдож" хөндөх л юм бол "огло үсэрч" эрх чөлөөгөө "эвдэн сүйтгэхэд" ч бэлэн ажээ.

Үүнийг сүүлийн үед монголчууд бидний ардчиллын эсрэг үг хэл,ү йл хөдөлгөөнд талархалтай ханддаг болсон байдал гэрчилнэ. Ардчиллын эсрэг тэмцэлд улам бүр олон хүн, тэр дотроо залуучууд нэгдэж байна. Тэр залуучууд ардчиллыг "алгадах" бүрд уухайлан алга ташиж байна. Чанга гар хэрэгтэй гэнэ!

Манай залуус социализм хэмээх дарангуйлагч дэглэмийг зургаан мэдрэхүй (ухамсар бол мөн мэдрэхүйн "эрхтэн")-гээрээ мэдэрч үзээгүй. Социалист Монголд Beatles сонсож, хиппичүүдийг дуурайсныхаа төлөө цагдаад баригдана, шүлэг бичиж санаа бодлоо чөлөөтэй хэлснийхээ төлөө шоронд хоригдоно, доллар сольсныхоо төлөө ял авна, хувийн бизнес, аж ахуй эрхэлснийхээ төлөө "чанга"-д сууж, хөрөнгө орлогоо улсын орлого болгон алдана, Оросын "Жигули","Москвич"-ээс өөр маркийн машинтай болбол түүнийг нь Засгийн газар хурааж авна, ийм гаж явдлыг манай залуус биеэр үзээгүй. Жинхэнэдээ социализм бол дарга нартаа захиргаадуулсаар байгаад хүнийссэн пролетариуд нь эдийн засгаа бойкотлож үйлдвэрийнхээ барааг хулгайлсаар эцэстээ баялгаа бардаг тогтолцоо юм.

Эдийн засгаа бойкотолсон пролетариудаа "ташуурдах" гэж удирдагчид нь ангийн тэмцэл "үйлдвэрлэсээр" туйлдаж сүүлдээ улс маань лангуу хоосорсон "их дэлгүүр" шиг болсон. Дайн болоогүй атал иргэддээ үлдсэн цөөхөн бараагаа талоноор хуваарилж байлаа. 25-ын Алтай 90 оны үед Токио хотын нэг жижигхэн супермаркетийг телевизээр сурвалжлан харуулахад лангуу дүүрэн алагласан барааг хараад монголчууд бид гайхан цочирдсон юмдаг. Тэр үедээ баян байсан барууны Венесүэлийн "Халтар царайт" киног үзээд монголчууд бид нийтээрээ хүүхэд шиг хөөрч автсан даг.

Социализмын үед иргэдийнхээ ухамсарт хүчээр суулгасан коллективизм гэж байсан болохоос биш мораль гэж байгаагүй. Мораль гэдэг бол зөвхөн сонголт хийх эрх чөлөөтэй хүнд байдаг зүйл. Социализмд моральтай байх гэж хичээсэн олон хүн шоронд хоригдож, цөлөгдөж, амь насаа алдаж байсан юм.

Социализмын үед хамт олны нэгж бүрийн дотор дор хаяж нэг хүн До яамны мэдээлэгч байсан. Хөөрхий тэдний ихэнхи нь сайн дураараа мэдээлэгч болоогүй. Айснаасаа тэгсэн. Тийм мэдээлэгчдийн гайгаар 40 мянган гэмгүй монгол хүн амь насаа алдсан юм. Гэмгүй нэг хэсэг иргэдээ хөнөөсөн нийгэм яаж ёс суртахуунтай гэгдэх билээ?!

Манай залуучууд энэ бүгдийг үзээгүй. Аав, ээжийнхээ дурсамжаар л социализмын тухай эерэг төсөөлөлтэй болсон. Гэтэл угтаа аав,ээж нар нь "ядуу муухай ч төрсөн нутаг"-аа санан дурсдаг шиг "нутаг санах өвчтэй" болчихсон улс юм шүү дээ. Тэгэж ярих юм бол миний ч "социализм" хэмээх нутгаа санах өвчин хаяахан хөдөлдөг л дөө.

Зарим ахмадууд "шоронд удаан суугаад шоронжсон хоригдол" мэт болчихсон байдаг. Тэд "бужигнасан" эрх чөлөөт амьдралд түүртээд дасаж өгөхгүй байгаа л харагддаг. Яагаав "Шоушэнкээс оргосон нь" киноны шоронгийн номын санч өвгөн Брук Хэтлен шиг. Ийм ахмадууд социализмаа сайрхаж залуусын толгойг бас их эргүүлж буй. Биеэр үззэгүй социализм, аав ээж эмээ өвөө нарын ярьдаг "үлгэр", ардчилагчдын ардчиллаа гутааж буй тэнэглэл, улстөрчдийн эд баялгийн төлөөх зодоон, ажилгүйдэл ядуурал, бас өөрийн "чалхгүй байдал" зэрэг олон хүчин зүйл залуусыг маань сүүдэр мэт дагах сэтгэл ханамжгүйг уур хилэн болгон хувиргаж байна. Үүн дээр л монголын популистууд гарамгай тоглолоо.

Сүүлийн хоёр жилд Монголд Уго Чааваасын сүнс буугаад ирчихсэн юм уу гэмээр байгаа. Гадна, дотны хөрөнгө оруулагчдийг авлах "том үргээлэг" явагдлаа. Рио-Тинто зэрэг дэлхийн брэндүүд хөөгдөх цагаа хүлээж буй. Дотоодын том хөрөнгө оруулагчид нь гадагшаа хөрөнгө оруулах боломж хайн, дайжихад далдуур бэлдэж байна.

"Их бүтээн байгуулалт"-ын "тендер"-үүдийг зарим генералууд руу шилжүүлэх гэж байна. Ингэхдээ генералууд болон цэргийн ангиуддаа ялгавартай хандах гэнэ. Аргагүй. Нисэх хүчин, танкийн хороо, артиллерийн ангиудыг барилгачин, замчин болгоход хэцүү!

Том бизнес эрхлэгчид төрийн гурван өндөрлөгөөс "зөвшөөрөл авч" бизнесээ хийдэг болоод эхэллээ. Бизнес эрхлэгчид ЖДҮ-гийн сангаас зээл авсан УИХ-ын гишүүдээс "дамын зээл" олж авч байна. Удахгүй жирийн иргэд хүртэл цэргийн албанд очиж байж ажлын байртай, орлоготой болно. Хоёр сая төгрөгийн цалин авъя гэвэл цэрэгт явах ёстой аж. Арай ч дээ л гэхээр болж байна!

Гайхмаар! Уго Чааваас "ирчихсэн" манай төрийн гурван өндөрлөгт "зааварчилгаа" өгөөд байгаа ч юм уу гэхээр байна шүү.

Монгол Венесуэлийн араас яг мөр даран явна! Венесуэлийн эдийн засаг сүйрсэн байгааг, мөн Хойд Солонгос, Куба мэт социалист орнууд картын бараандаа байгааг мэдсээр, харсаар хэрнээ залуус маань Монголын чааваасчуудыг уухайлан дэмжлээ. Эрх чөлөөгөө золиход бэлэн болжээ! Венесуэлийн араас заавал явах ёстой л юм байх даа?! Слава Жижек бээр чөлөөт ардчилал-капитализм дахь эрх чөлөөт хүни ,сэтгэл ханамжгүй байх энэ эмзэг цэгийг яаж олж харав аа?!

Э.Бат-Үүл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.89.88)
    Явж үзэж байж ойлгоно ийм хоосон толгой хийрхсэн нийгэм өөр замгүй асар их үнэ төлнө эцэст нь харин амин чухал эрх чөлөө тусгаар тогтнол маань үлдэх эсэх нь эргэлзээтэй
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 2 цаг 55 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 3 цаг 59 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 4 цаг 6 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 4 цаг 53 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 4 цаг 55 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 5 цаг 14 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 5 цаг 20 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 6 цаг 13 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 7 цаг 10 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 7 цаг 15 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 7 цаг 19 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 7 цаг 25 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 8 цаг 48 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 8 цаг 49 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 8 цаг 50 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 8 цаг 51 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 8 цаг 54 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 10 цаг 28 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 10 цаг 41 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 11 цаг 12 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top