Европын Холбоо (ЕХ) АНУ-ын технологийн аваргууд болох Apple, Meta компаниудад Дижитал зах зээлийн тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр анх удаа торгууль ногдуулсан талаар Европын Комисс (ЕК) мэдэгдлээ. Тус хууль 2023 оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд дижитал орчин дахь шударга өрсөлдөөнийг хангах зорилготой юм.
Apple компанийг программ хөгжүүлэгчдийг “App Store”-оос бусад сувгаар бүтээгдэхүүнээ санал болгох боломжийг хязгаарласан гэж буруутгаж, 500 сая еврогийн (ойролцоогоор 570 сая ам.доллар) торгууль ногдуулсан байна.
Харин Meta компани хэрэглэгчдээс хувийн мэдээлэл цуглуулах зөвшөөрөл авах эсвэл зар сурталчилгаагүй хувилбарын төлбөр төлөх хоёр сонголтын аль нэгийг тулган шаардаж байсан нь хууль зөрчсөн гэж үзэж, 200 сая еврогийн (230 сая ам.доллар орчим) торгууль оноожээ.
Хуулийн дагуу ЕК нь зөрчил гаргасан компанид тухайн компанийн жилийн орлогын 10 хүртэлх хувиар торгууль ногдуулах эрхтэй бөгөөд энэ удаагийн шийдвэр нь хууль хэрэгжиж эхэлснээс хойших анхны торгууль болсон юм.
ЕК-ийн өрсөлдөөн хариуцсан комиссар Тереза Рибера “Бид хууль, журмын дагуу хатуу боловч тэнцвэртэй шийдвэр гаргасан. ЕХ-нд үйл ажиллагаа явуулж буй бүх компани манай дүрмийг дагаж мөрдөх ёстой” хэмээн онцлон мэдэгджээ.
Meta компанийн төлөөлөгч NHK-д өгсөн ярилцлагадаа ЕХ “АНУ-ын бизнес эрхлэгчдэд саад учруулж байна” хэмээн шүүмжилсэн бол Apple компанийн төлөөлөгч “Хэрэглэгчид ийм өөрчлөлт хүсээгүй байхад олон арван шинэчлэл хийсэн. Бидний технологийг үнэ төлбөргүй болгохыг шаардсан шийдвэр нь шударга бус” гэж мэдэгдэж, уг шийдвэрийг давж заалдахаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: NHK, Европын Комисс