Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгууль энэ оны зургаадугаар сарын 22-нд зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан тухайн сонгуулийг явуулах хэсгүүдэд иргэний шилжилт хөдөлгөөнийг өчигдрөөс эхлэн зогсоож, зургаадугаар сарын 23-ны өдөр сэргээхээр болсон талаар албаныхан мэдээлжээ.
Сонгуулийн тухай хуульд зааснаар, санал авах өдрөөс 60 хоногийн өмнө тухайн хэсэгт иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс эхлэн дахин сэргээдэг журамтай юм.
Нөхөн сонгуульд оролцох сонгогчид Улсын бүртгэлийн ерөнхий газрын https://burtgel.gov.mn цахим хуудсанд хандан өөрийн мэдээллийг шалгах боломжтой. Тус цахим хуудсаар дамжуулан:
-
“Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт” цонхыг идэвхжүүлж,
-
Иргэний бүртгэлийн дугаар, бүртгэлтэй хаягийн мэдээлэл оруулан,
-
Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгаж болно.
Ийнхүү сонгогчдын бүртгэлийг нээлттэй, ил тод явуулж, иргэдийн сонгох эрхийг хангах нөхцөл бүрдүүлж байгааг Улсын бүртгэлийн ерөнхий газар мэдээлсэн байна.
Эх сурвалж: Улсын бүртгэлийн ерөнхий газар