Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн 2025 оны эхний улирлын цэвэр ашиг 409 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 71 хувиар буурсан тухай CNBC мэдээллээ. Компанийн нийт орлого 9 хувиар буурч 19.34 тэрбум ам.доллар, авто машины борлуулалтын орлого 20 хувиар буурч 14 тэрбум ам.доллар болсон байна.
Тус компанийн алдагдлыг дараах шалтгаантай холбон тайлбарлажээ:
-
Шанхай, Берлин, Фримонт (Калифорниа), Остин (Техас) дахь үйлдвэрүүдэд хийгдэж буй шугамын шинэчлэлийн ажил,
-
Цахилгаан автомашины дундаж үнийг бууруулж, борлуулалтыг нэмэгдүүлэх бодлого,
-
Дэлхийн худалдааны бодлогын хурдтай өөрчлөлт, нийлүүлэлтийн сүлжээг тогтворгүй болгож буй нөхцөл байдал.
“Tesla”-гийн мэдэгдэлд дурдсанаар, авто машин болон эрчим хүчний зах зээл дэх тодорхойгүй байдал нэмэгдэж, зардлын бүтэц, ложистикт сөрөг нөлөө үзүүлж байна гэжээ.
Үүнтэй зэрэгцэн “Tesla”-гийн хувьцааны үнэ 2025 он гарснаас хойш 41 хувиар унасан нь 2022 оноос хойших хугацаанд бүртгэгдсэн хамгийн огцом уналт болж байна. Ийм нөхцөл байдалд тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маск тавдугаар сараас эхлэн засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх агентлаг (DOGE)-ийн ажилд зарцуулж буй цагаа багасгана гэж мэдэгдсэн байна.
АНУ-ын найман муж улсад байрладаг “Tesla”-гийн санхүүгийн салбаруудын зүгээс компанийн удирдлага анхаарал хандуулахгүй байна гэж шүүмжлэл гаргасан бол The Washington Post сонинд И.Маск DOGE-ээс бүр мөсөн гарахаар зэхэж байна гэж мэдээлсэн байна.
Эх сурвалж: CNBC, The Washington Post