Инженер, зохион бүтээгчдийн оюуны ур чадварыг сорьж, залуу үеийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилго бүхий “ABU Робокон 2025” үндэсний аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд зохион байгуулагдаж байна. Энэ жилийн тэмцээн “Хамтын зүтгэл – Үнэмлэхүй амжилт” уриан дор, сагсан бөмбөгийн спортын төрлийг ашиглан явагдаж буйгаараа онцлог болжээ.
Тэмцээнд нийт 9 их, дээд сургуулийн 12 баг оролцож, 50 сая төгрөгийн шагналын санын төлөө өрсөлдөж байна. Уг тэмцээнээс шалгарсан хоёр шилдэг баг Монгол Улсаа олон улсын нэр хүндтэй “ABU Robocon 2025” тэмцээнд төлөөлөн оролцох эрхийг авах юм.
Тэмцээнийг нээж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү үг хэлэхдээ:
“Робокон бол залуусын мэдлэг, ур чадвар, инновацын чадамжийг хөгжүүлж, улс орны цахим шинэчлэлийг тодорхойлох чухал платформ” хэмээн онцоллоо.
Мөн МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл:
“Энэхүү тэмцээн бол зөвхөн техник технологийн өрсөлдөөн бус, багийн ажиллагаа, бүтээлч сэтгэлгээний цогц шалгуур юм. Робот болгон залуусын итгэл, хөдөлмөрийн илэрхийлэл байдаг” хэмээн тэмцээний ач холбогдлыг онцолсон байна.
Тэмцээний шүүгчдийн зөвлөлийг Ө.Батбаяр тэргүүлж, ерөнхий шүүгчээр А.Билгүүн, онооны болон талбайн шүүгч, хэмжилтийн шүүгчдийн бүрэлдэхүүнд салбар салбарын туршлагатай мэргэжилтнүүд ажиллаж байна.
“Робокон” тэмцээнийг Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Ази, Номхон далайн бүсийн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-той хамтран 2003 оноос хойш зохион байгуулж ирсэн бөгөөд Монгол Улс 2019 онд олон улсын тэмцээнийг анх удаа амжилттай зохион байгуулж байв.
Эх сурвалж: МҮОНРТ, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам.