Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр Япон Улсад айлчилж байна. Айлчлалын баг бүрэлдэхүүнд НИТХ-ын Зөвлөлийн гишүүн, Төлөөлөгч, ДИТХ-ын дарга нар багтаж байна. Өнөөдөр Токушима мужийн Анан хотын дарга Иваса Ёшихиро, Анан хотын иргэдийн хурлын дарга Юаса Такахиро болон Монгол Улсын өргөмжит консул Каваүчи Широ нар НИТХ-ын дарга А.Баяр болон айлчлалын бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Бэйсбол спортын суурь гүйдэг матаг буюу Тийболыг Монголд хөгжүүлэх, хүүхэд залууст энэхүү спортын давуу талыг таниулах хүсэлтэйгээ илэрхийллээ.
Анан хотын дарга Иваса Ёшихиро, тус хотын хурлын дарга Юаса Такахиро нар Тийбол спортын өлгий нутагт хүрэлцэн ирж, энэхүү сонирхолтой спортын сургалтын орчинтой танилцсанд талархаж байна. Энэ спортоор дамжуулан хоёр хот харилцаа холбоогоо бататгаж, зэрэгцэн хөгжих боломжийн төлөө хамтарч ажиллана гэдэгт итгэж байна гэв.
НИТХ-ын дарга А.Баяр “Бэйсболын суурь болсон гүйдэг матаг гэх спортыг Монголд амжилттай нутагшуулан ажиллаж байгаа Монголын Тийболын үндэсний холбоог онцлоод, Монгол Улсын өргөмжит консул Каваучи Широ Монголын ирээдүйн төлөө, хүүхдүүдийн мөрөөдлийг биелүүлэхийн тулд үнэтэй хувь нэмэр оруулж, түүхэн үүрэг гүйцэтгэж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Монголчууд Бэйсболын мэргэжлийн тамирчинтай болж тив, дэлхийд өрсөлдөх мөчийг ойртуулж, суурийг бэлдэх нь бидний үүрэг. Тиймээс Тийболыг хөгжүүлэхэд хотын удирдлагууд анхаарч, Бэйсбол, Тийболын талбай барих газрыг шийдсэн. Сургагч багш нарыг бэлдэж, ирэх тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Тийболын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна” гэдгийг дурдлаа. Төгсгөлд нь Улаанбаатар, Анан хотын хамтын ажиллагаа спортоор дамжин үеийн үед батжих болтугай хэмээв.
Монголын Тийболын үндэсний холбооны Ерөнхийлөгч Б.Сэмжидмаа “Манай холбоо богино хугацаанд Тийболын спортыг амжилттай таниулж, өнөөдрийн байдлаар 400 гаруй сургагч багшийг бэлдэж, 2000 гаруй хүүхэд уг спортоор хичээллэж байна. 21 аймаг, 9 дүүрэг Тийболын багтай болж, ирээдүйн Бэйсболчид болох сууриа тавилаа. Мөн Япон хүүхдүүдээс өөрцгүй Монгол хүүхдийн өв тэгш бие, хөгжлийн төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа Каваучт Широп танд чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэлээ.