Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаан 59.5 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаар хэлэлцсэн гол асуудал бол Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэх байв.
Хуулийн төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцуулсан. Тэрбээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сард батлагдсан гаалийн татвараас чөлөөлөх хуулийн хэрэгжилтийн хүрээнд 65.2 мянган тонн тэжээл, 64.2 мянган тонн гурил импортолсон тухай мэдээлэл өгч, хууль зорилгодоо хүрсэн гэж үзэж байгааг онцолсон юм. Тиймээс энэ хуулийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзжээ.
Төсвийн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Баясгалан танилцуулж, хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал гаргасныг олонх гишүүд дэмжсэн байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд дотоодын гурил, буудайн зах зээлийн төвлөрөл, өрсөлдөөний хязгаарлалт, бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчийн эрх зэрэг асуудлыг хөндөн, бодлогын тогтвортой байдлын чухлыг санууллаа. Түүнчлэн гурилын үнэ нэмэгдэх нь инфляцад нөлөөлөх, эдийн засгийн өргөн цар хүрээтэй үр дагавар дагуулах эрсдэлтэйг онцлон дурдав.
Салбарын сайд Ж.Энхбаяр хэлэхдээ, улаанбуудай тариалалт нь газар тариалангийн салбарын суурь тулгуур, хүнсний хангамжийн тогтвортой байдалд онцгой ач холбогдолтой болохыг дурдсан. Мөн улаанбуудайн гурилын үйлдвэрээс гарах үнэ дунджаар 1500–2800 төгрөг байгааг тэмдэглэж, тээврийн зардал зэрэг нэмэлт өртгөөс үүдэн эцсийн хэрэглэгчийн гар дээр өндөр үнэтэй хүрч буйг тайлбарласан.
Хэлэлцүүлгийн үр дүнд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхийг Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураалтаар шийдэхээр тогтлоо.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн алба.
Сэтгэгдэл (1)