x

Мундаг хүүхэдтэй болох уу, бусдыг хайрлаж чаддаг хүүхэдтэй болох уу?

“Фокс паблишинг” хэвлэлийн газрын гүйцэтгэх захирал Д.Оюунсүрэнтэй ярилцлаа.

-Шинээр “Фокс паблишинг” гэж хэвлэлийн газар байгуулжээ. Яагаад ном хэвлэн нийтлэх салбар руу орох болсон талаар яриагаа эхлэх үү?

-Номын дэлгүүрт байгаа номнуудыг бүхэлд нь ямар төрлийн номнууд байна гэж харж байсан уу. Хэрхэн баяжих тухай, хэрхэн амжилтанд хүрэх тухай бүтэн тасаг байна. Хүүхдийн номын тасагт ч мөн ялгаагүй мундаг хүүхэдтэй болох, хэл сургах, сэтгэх чадварыг нь хөгжүүлэх зэрэг номоор дүүрсэн боловч бусдыг хайрлах тухай, зөв хүн болох тухай ном бараг байдаггүй. Нийгэмд маань дутагдаж буй зүйл нь хүнлэг, хүмүүнлэг иргэнийг бэлдэх бодлого болчихоод байна. Эцэг эхчүүд нь хүүхэддээ цаг гаргах нь багассан зэрэг олон шалтгаан үүнд нөлөөлж буй байх. Бидний хувьд ийм зорилгын хүрээнд нийцэхүйц ном бүтээлүүд дээр түлхүү анхаарах зорилготой байгаа. Хамгийн сүүлд л гэхэд манай фаблишингаас “Гэрийн дүрэм” гэж хүүхдийн ном худалдаанд гарсан. Үүнийг уншсанаар хүүхэд тань өөрийн насандаа юу юуг мэдэх ёстойгоо ойлгоно. Ханан дээр зураг зурж болохгүй тухай, тоглож дууссан бол тоглоомоо хураах, шүдээ заавал угаах зэрэг энгийн мэт боловч чухал зүйлсийг өөрсдөө ойлгочихно. Эцэг эхийн олон удаа үглээд болохгүй байгаа асуудлыг энэ ном хялбархан шийдчихнэ.

-“Гэрийн дүрэм” –д нийт хэдэн дүрэм орсон бэ, өөр онцлох зүйл юу байна?

-Гэр бүлдээ мөрдөж болох 36 дүрмийг багтаасан. Мэдээж номонд буй дүрмийг өөрсдөө тохиролцож зөвшилцсөний үндсэн дээр баталцгаавал үр дүн нь илүү гарах нь ойлгомжтой.  Угтаа бол дүрэм гэдгээс илүү заавал мэдэж байх зүйлс, дадал хэвшил юм л даа. Сүүлийн үед бага насны хүүхэд төөрөх, ор сураггүй алга болох зэрэг эрсдлүүд ихэсч байгаа. Үүнтэй холбоотойгоор номонд жишээ нь, “Гэр бүлийн гишүүдийнхээ утасны дугаарыг мэддэг байх”  “Зөвхөн гэр бүлийн гишүүдийн мэддэг нууц үгтэй байх” зэрэг хоёр дүрэм орж байгаа юм. Бага насны хүүхдийг “аав ээж нь аваад ир гэсэн юм”  гэж хуурах гэсэн бөгөөд “нууц үг”-ийг нь хэлээгүй тул хулгайлж чадаагүй тухай жишээ хүртэл бий. Мөн төөрсөн бага насны хүүхэд гэрийнхээ том хүний утасны дугаарыг бичиж ч чаддаггүйгээс асран хамгаалагчийг нь олоход бэрхшээл үүсдэг зэрэг асуудлаас болж уг дүрмийг мэдэх шаардлагатай гээд байгаа хэрэг.

-Судалж байж гаргасан гэсэн үг байх нь ээ?

-Тэгэлгүй яах вэ. Жишээ нь яг саяны жишээг дахиад задалж тайлбарлая. Номонд “аав ээжийнхээ утасны дугаарыг мэддэг байх” гэж бичээгүй. “гэр бүлийнхээ гишүүдийн утасны дугаарыг мэддэг байх” гэж бичсэн байгаа биз. Магадгүй энэ номыг эцэг эхгүй хүүхэд уншиж болох шүү дээ. Эмээ өвөөтэйгээ амьдардаг хүүхэд ч байж болно гэх үүднээс бичилтийн хувьд ингэж буулгасан хэрэг.  Хүүхэд тун эмзэг, нандин шүү дээ. Мөн уг номонд буй “суултуурын хаалтыг хаасны дараа усаа татах”, “аюултай эд зүйлсээс жижгүүдээ хамгаалах” зэрэг дүрмүүд бол бүгдээрээ судалгааны үндсэн дээр гарсан зүйлс. Цахилгааны залгуурын нүхэнд төмөр шургуулах, халуун тогоонд түлэгдэх зэрэг эрсдэлт нөхцлийг томчууд нь бүрдүүлчихээд байгаагаа бодохгүй бол хожим харамсаад баршгүй тохиолдол болох эрсдлийг сануулж буй юм. Гэмтлийн түлэнхийн тасагт “халуун тогооны хүүхдүүд” гэх бүхэл бүтэн тасаг тогтмол ажиллаж байна гэдэг бол эмгэнэл л дээ.

-Танай хэвлэлийн газар зөвхөн хүүхдийн номон дээр ажиллах уу?

- Гол шугам маань хүүхдийнх боловч, бүх насныханд зориулсан контент гаргахаар ажиллаж байна. Шүдний өвчлөл өндөр байгаа бөгөөд шүд угаах дадлыг бий болгох зорилготой “Шүдээ угаадаггүй хүүхэд” гэх ном маань удахгүй хэвлэлтэнд шилжинэ. Туршилтын хувилбарыг нь хэвлээд бага насны хүүхэдтэй цөөн айлд туршиж үзэхэд хүүхдүүд нь залхуурч шүдээ угаахаас цааргалдаг байдал нь өөрчлөгдсөн байна. Мөн ирэх долоо хоногоос хэвлэлтэнд шилжих “Хүслийн жагсаалт” ном маань насанд хүрэгчдэд, хосууд болон хайртай хүндээ бэлэглэх тун сайн контент бэлэн болсон байгаа. Гэр бүл салалт өндөр болсон, гэрлэлтээ батлуулсан 4 гэр бүл тутмын 1 нь салсан тухай статистик дээр үндэслэж гэр бүлийн үнэ цэнэ, хамтын зорилго, нандин дурсамжийг нь мөнхлөх ач холбогдолтой ном гаргаж байгаа юм.

-Хүүхдийг яаж номонд дуртай болгох вэ, гар утасны хэрэглээ өндөр болсон өнөө үед тун хэцүү даалгавар биш үү?

-Өөрсдөө “утсаа ухаж” байхдаа “чи ном унш” гэж хэлвэл хэзээ ч хүүхэд чинь ном уншихгүй л дээ. Дэлгэцийн хамаарлаа өөрсдөө л хянаж, хязгаарлахаас эхэлнэ. Өөрсдийн жишээн дээр ярья. Манай гэр бүл бага насны 3 хүүхэдтэй. Оройд ядарсандаа болоод бага охиндоо гар утсаа өгч чимээгүй байлгадаг, том хүү хичээлээсээ ирэнгүүт буйдангийн буланд шигдэж суугаад олон ангит анимуудыг ар араас нь үздэг. Дунд хүү ахынхаа үзэж буй зүйлсийг тоглохын завсраар зурагтны урдаас хялайж үздэг гээд л нийтлэг гэр бүлүүдийн дүр төрх манайд байсан. Хүүхдүүд уцаартай, ааштай. Хоорондоо таарамж муутай байгаа нь ажиглагдсан. Том хүү хөдөлгөөн дутагдлаас болж жингийн илүүдэлтэй болчихсон, дунд хүүгийн нүд нь хялар болоод байгааг эмчид үзүүлтэл “булчингийн чангарал”-ын шинж тэмдэг илэрч байна. Цаашид энэ хэвээр байвал хялар болж үүнийг засах мэс ажилбар хийдэг тухай тайлбарлаж өгсөн. Ингээд дэлгэцний хамаарлаас салахаар гэр бүлээрээ шийдэж гэрийнхээ интернэтийн буюу телевизийн үйлчилгээг сунгахаа больж тэр мөнгөөр нь бүгдэнгээр нь хүүхдийн ном авсан.

-Үр дүн нь?

-Үр дүн нь мэдрэгдэхүйц байсан. Эхний 2 долоо хоногт хэцүү байсан. Хүүхдүүд “төхөөрөмжөө сунга” гэж загнаад л. Уурлаад л. Гэвч удалгүй дассан. Мэдээж нэг зүйлийг нь хориглож байгаа тул өөр зүйл санал болгосон нь ном байсан. Хүүхдийн өрөөнд нь номын булан тохижуулж өгч, номнууд авч өгөөд л байсан. Өмнө нь хүүхдүүддээ авч өгсөн ном эхний өдрөө л ашиглагдаад сонирхол нь буурч орхигддог байсан бол ингэж тохижуулж өгснөөр номоо авч унших болсон. Мэдрэлийн ядаргаанд орж таргалсан гуравдугаар ангийн хүү маань жингээ хасч, бүр өдрийн тэмдэглэл хөтөлдөг болсон. Номонд маш дуртай болсон. Дунд хүүгийн хялар болон ааш зан засарч бага дүүтэйгээ их эвтэй тоглодог болсон нь шууд мэдрэгдэж байгаа.

-Хэр удаан үргэлжилж байна, дэлгэцний хамаарлаас салаад?

- Гар утсаа өгөхгүй, зурагт үзэхгүй хэв маягтайгаар бараг хагас жил болчихсон байх.

- Тийм удаан хугацаанд ийм байж болно гэж үү?

- Бид интернэтэд “on” болчихоор гэр бүлийн харилцаа маань “off” болчихдог гэдгээ анзаардаггүй юм шиг байна билээ.  Дэлгэцгүйгээр илүү олон зүйлийг хийх цаг гарна. Хүүхдүүдийгээ ямар хөөрхөн үг үйлдэл хийж өсч өндийж байгааг илүү анзаарна. Мэдээж амралтын өдрүүдэд гадуур кино театрт үзвэр үзүүлэх зэргээр цагийг өнгөрүүлж байгаа. Нээрээ телевиз интернэтийн үйлчилгээгээ сунгачихсан ч зурагт асаах хүн байхгүй болчихсон байна билээ. Илүүтэй хоорондоо тоглох нь ихэссэн, ядрах нь багассан, илүү амгалан байгаа хэв маяг маань гэр бүлийнхэнд маань таалагдаж байгаа. Одоо оройдоо шатар сурцгааж байгаа, мөн цаашид хүүхдүүддээ гадаад хэл зааж өгөх санаа байна.

-Нийгэмд маань дутагдаж буй зүйл нь хүнлэг, хүмүүнлэг иргэнийг бэлдэх бодлого болчихоод байгаа тухай та өмнө онцолсон. Тэгвэл таны хүүхдүүд бусдыг хайрлах дадалтай болж чадсан болов уу?

 -Хүү маань жингийн илүүдэлтэй байсан тухай ярьсан даа. Хоолонд их дуртай, байнга хоолны тухай ярьж байдаг. Бүр сургуулийнхаа үдийн хоолонд цадахгүй хажуугийнхаа охиноос “чи пирошкигээ идэх юм уу” гэж асууж байгаад онигоонд хүртэл орж байсан алдартай нөхөр. Гэтэл өглөө сургууль руу нь хүргэж өгөх замдаа авч өгсөн дөрвөн ширхэгтэй контикийн ганцыг нь л идээд үлдсэн гурвыг нь дүү нартаа өгөх гээд хадгалаад ирснийг нь хараад ямар их хайр хүрсэн гээч. Амттай зүйлд дуртай хүүхдийн хувьд чамгүй их тэвчээр гарсан байх. Бас өмнө нь амралтын өдрөөр өглөө эрт босонгуутаа хүүхэлдэйн кино чанга үзэж суудаг байсан хүүхэд өглөөд дүү нараа сэртэл нь ном уншаад сууж байдаг болсон. Ер нь эх хүний хувьд хүүхдээ онц аваад ороод ирснээ харуулахад нь баярлахаас илүү бусдыг хайрлаж байгааг нь харах илүү аз жаргалтай болгодог юм шиг санагддаг. Нэгдүгээр ангид ороход нь нөхөр бид хоёр хүүхдээ мундаг, онц сурдаг хүн болгох ёстой гэж бодоод хичээл сургуулиар нь их шахдаг байсан. Одоо бол хандлага өөрчлөгдсөн. Зүгээр л амьдралд гомдоллодог биш талархдаг, бусдыг хайрладаг хүн болох юм бол ямар ажил алба эрхэлж, юу хийж явах нь өөрийнх нь шийдэх хэрэг гэж бодож байна.

-Зөвхөн өөрийнхөө хүүхдийг биш бусдын хүүхдийн хүмүүжилд нөлөөлөхийн тулд номын бизнест оржээ гэж ойлголоо. Зөв үү?

-Нөхөр бид хоёр нэг зүйлийг алдаад байгаа тухай бид ярилцдаг юм. Тэр нь зөвхөн өөрсдийнхөө хүүхдийн боловсролд л анхаардаг сэтгэхүй. Хүүхдийнхээ боловсролд монголчууд мөнгө харамлахаа больсон нь хэдэн мянган долларын төлбөртэй хувийн сургуулиуд хүүхдүүдээ авч дийлэхгүй болж байгаа жишээ батлах байх. Үнэхээр ирээдүйд бидний хүүхдүүд маш мундаг чадвартай хүмүүс болж өсч байна. Гэвч үүнтэй зэрэгцээд боловсрол, хүмүүжлийг авч чадахгүй нийгмийн бүхэл бүтэн бүлэг үр хүүхдүүдтэй минь зэрэгцэн өсч өндийж байна. Тэд ирээдүйд хүүхдүүдтэй минь нэг л улс, нэг л хотод амьдарна. Гэтэл боломжоо алдсан тэдгээр хүүхдүүд нийгмийг болон бусдыг үзэн ядагчид болон өсч байна шүү дээ. “Муусайн баячууд” “Луйварчид” бидний ийм ядуу амьдарч буйн буруутан гэсэн бат үзэлтэй болж байна. Ийм л учраас ирээдүйд бид хүүхдүүддээ дайсан бэлдэхгүйн тулд өнөөдөр зөвхөн өөрсдийнхөө биш, бусдын хүүхдийн боловсрол хүмүүжилд ч анхаарал хандуулахгүй бол болохгүй нь л гэж бодоод байгаа хэрэг. Бусдын төлөө боддоггүй юмаа гэхэд ядаж хүүхдийнхээ ирээдүйд ямар нэг эрсдэл гарах вий гэж болгоомжлохын үүднээс энэ мэт хүүхдүүдэд боломжтой чадалтай хүмүүс туслаасай билээ л гэж бодож байна даа. 

Т.Марал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 4 цаг 8 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 4 цаг 9 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 4 цаг 10 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 4 цаг 11 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 4 цаг 13 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 4 цаг 14 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 4 цаг 16 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 4 цаг 18 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 4 цаг 19 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 4 цаг 20 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 4 цаг 22 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 4 цаг 23 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 4 цаг 24 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 4 цаг 25 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 4 цаг 26 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 4 цаг 27 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 4 цаг 29 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 4 цаг 31 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 4 цаг 32 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 4 цаг 33 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top