x

Г.Эрдэнэбаатар: Д.Сэржмядаг охины хэргийг хаагаагүй, шалгалт үргэлжилж байна

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбаатартай ярилцлаа.

-Сайн байна уу. Дорноговь аймгийн хувьд өнгөрөгч онд гэмт хэргийн гаралтын нөхцөл байдал ямар байв?

-Манай аймаг газар зүйн байрлалын хувьд ихээхэн онцлогтой бүс нутгийг хамран байрладаг. Аймгийн нутгаар 450 орчим км урт авто болон төмөр зам дайран өнгөрдөг ба уул уурхай, ашигт малтмалын арвин их нөөцтэй нутаг юм. Замын-Үүд, Ханги гэх хоёр том боомт үйл ажиллагаа явуулж байгаагаас шалтгаалан хүн амын төвлөрөл жил бүр нэмэгдэж, ачаа бараа, зорчигч тээвэрлэлтийн ажил үйлчилгээ хурдацтай хөгжиж байна.

Замын-Үүд боомтоор л гэхэд жилдээ хоёр сая орчим иргэн зорчиж байна. Энэ бүх нөхцөл байдал аймгийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдалд нөлөөлж байдаг талтай. Бид холбогдох хууль, тогтоомжийн дагуу цагдаагийн ажил үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй хүргэх, нутгийн оршин суугчидтай харьцах харилцааг сайжруулах, тэдний дэмжлэг туслалцааг авах, гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шалган шийдвэрлэх, хохирлыг түргэн шуурхай барагдуулах гээд асар их ачаалалтай ажилладаг.

Манай хамт олон өнгөрсөн жил хуулиар хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж, иргэдийн амар тайван ажиллаж амьдрахад таагүй нөлөөлөл үзүүлж байсан олон үзүүлэлтийг бууруулж чадлаа гэж үзэж байна.

-Дэд бүтэц хөгжсөн, хил орчмын бүс нутагт ямар төрлийн гэмт хэрэг өнгөрөгч жил давамгайлав. Хэрэг зөрчил буурсан гэлээ. Энэ талаар тодорхой яриач?

-Гудамж талбайд, согтуугаар үйлдсэн, бүлэглэн үйлдсэн, гэр орон сууцад үйлдэгдсэн хэргүүд 25-62 хүртэлх хувиар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, гэмт хэрэгт холбогдон шалгагдсан хүний тоо бууралттай гарч, нийт гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 137 хэргээр буюу 21.2 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Зөвхөн цагдаагийн үйл ажиллагааны үр дүнд энэхүү сайн дүн мэдээ гарсан гэж дүгнэж болохгүй ч гэсэн дийлэнх хувьд нь манай хамт олны ажлын үр нөлөө байсан гэж харж байна. Харин дээр дурдсан онцлогоос шалтгаалаад зарим төрлийн гэмт хэргийн гаралт өсөж байна.

Ялангуяа, зам тээврийн осол аваартай холбоотой нас барсан хүний тоо өссөн. Үүний шалтгаан нөхцөлийг судлаад үзэхээр хувь хүн, жолоочийн хариуцлагагүй байдлаас болж байна. Хурд хэтрүүлсэн, нойрмоглосон ядарсан үедээ жолоо барьсан, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсны улмаас зам тээврийн ослын хэргийн ихэнх нь үйлдэгдэж байна. Манай цагдаагийн газраас зам тээврийн осол хэргээс үүдэлтэй хэрэг зөрчлийг бууруулах чиглэлээр ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байна.

-Зам тээврийн ослыг бууруулах чиглэлд ямар ажил хийх вэ?

-Хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль дүрмийн хэрэгжилтийг хангуулах, жолооч нарын хариуцлагыг дээшлүүлж, сонор сэрэмжийг өндөржүүлснээр осол аваарын тоог бууруулна гэж тооцоолон олон төрлийн ажлыг өнгөрөгч онд санаачлан хийлээ. Тээврийн цагдаагийн албатай хамтран зүүн болон төвийн бүсийн цагдаа, авто тээврийн газруудын нэгдсэн сургалт зөвлөгөөнийг Сайншанд хотод зохион байгуулж ижил төрлийн ажил үйлчилгээний тэргүүн туршлага солилцон хүндрэл бэрхшээлтэй асуудлаа ярилцан шийдвэрлэх арга замаа тодорхойллоо.

Энэ хүрээнд авто замын хажууд төмөр модель цагдаа, замын цагдаагийн машиныг дуурайлгасан маяактай загвар байршуулж, замын хэвтээ тэмдэглэгээг олшруулж, “Хурд бүү хэтрүүл” гэсэн самбаруудыг замын хажуугаар тавилаа. Аймгийн Засаг даргын захирамжийг гаргуулан босоо тэнхлэгийн авто замын дагуух сумдын малчин иргэдийн бог малд гэрэл ойлгогчтой тууз зүүлгэх ажлыг зохион байгуулж биелэлтийг нь улирал тутамд шалган дүнг Засаг даргад хүргүүлэн хариуцлага тооцуулан ажиллаж байна. Энэ ажлын дүнд мал мөргөн осол гардаг байсан явдал өнгөрөгч онд нэг удаа л гарлаа.

Бид босоо тэнхлэгийн авто замд үйлдэгдэж байгаа хэрэг ослын талаар аймгийн зөвлөлийн хуралдаанд улирал бүр мэдээлэл хийж зам тусламж дэмжлэг авч ажиллан хэвшээд байна.

Зам тээврийн осол хэргийг 2017-2020 онд бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг зардлын хамт санаачлан батлуулж ажиллаж байгаагийн дүнд энэ оны сүүлээр манай аймгийн нутгаар дайран өнгөрч байгаа авто замд буюу Замын-Үүд, Эрдэнэ, Сайншанд, Айраг байнгын ажиллагаатай дөрвөн постыг ашиглалтад оруулаад байна. Нэг ч иргэний амь нас, эрүүл мэндийг гэмт хэрэг, зөрчилд өртүүлэн хохироохгүйн төлөө зорилт тавин ажиллаж байна. Бид үүний төлөө тангараг өргөж хуулиар үүрэг хүлээсэн гэдгээ сайн ухамсарладаг. 

-Ослын зурагтай зөвлөмж тарааснаар үр дүн гарч эхлэв үү?

-Бид өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-ноос эхлэн зам тээврийн бодит зургийг харуулсан санамж хэвлэн уг замаар зорчиж яваа жолооч бүрт өгч эхэлсэн. Зарим хүн муухай зураг гээд авахаас татгалзаж байдаг боловч тараахаас өөр аргагүй байна. Үр дүн мэдэгдэж эхэлсэн. Энэ л хамгийн чухал. Дээрх хугацаагаар хойш хурд хэтрүүлсэн, согтуурсан, нойрмоглосноос үүдэлтэй осол аваар бүртгэгдээгүй байна. Бид дулааны улирал эхэлмэгц 14 байрлалд нойр сэргээх дэржигнүүр хэсгийг замын зорчих хэрэгт хийхээр төлөвлөн шаардлагатай хөрөнгийг Засаг даргад санал хүргүүлэн шийдвэрлүүлээд байна.

Стандартын дагуу энэ ажлыг хийчихвэл нойрмоглосноос болж гарч байгаа ослыг 40-50 хувиар бууруулна гэж тооцоолж байна.

-Хүн ам ихтэй аймгийн хувьд хүүхдийн хулгай, хүүхдийн эсрэг гэмт хэрэг ямар хэмжээнд үйлдэгддэг вэ?

-Манай аймгийн хэмжээнд анхаарал татаж байгаа хоёр хэргийн нэг нь хүүхдийн эсрэг хэрэг юм. Оны эхнээс бид байгууллага, сургууль бүрийг алба хаагчдадаа хуваарилан хариуцуулж хүүхдийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал, шалтгаан, анхаарах асуудлын талаар яриа таниулга, нөлөөллийн ажлыг зохион байгуулж эхэлсэн.

Эцэг эх рүү хандсан ажил хийж эхэллээ гэсэн үг. Хүүхэд чинь хаана, хэнтэй байна, юу хийж байна гэдгийг анхааруулж эхэлсэн. Ойр дотны, хамаатан садны, итгэж байсан хүмүүсээс бага насны хүүхдийн эсрэг үйлдээд байгаа анхааруулж байна. Яриа таниулга ихээр явуулж байгаагаас хүүхдийн эсрэг нуугдмал байсан багагүй тооны хэрэг илэрч байгаа. Бид хүүхдийн эсрэг хийсэн буруу үйлдэл бүрийг шалгаж хариуцлага тооцуулах үүргээ биелүүлнэ. 2019 онд энэ төрлийн гэмт хэргийг аймгийн хэмжээнд таслан зогсоох зорилт тавьсан.

-Хил орчмын бүсэд үйлдэгдэх гэмт хэргийн гаралт хэр байна вэ. Хориглосон бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт өсөв үү, буурав уу?

-Max, өнгөт чулуу гэх мэт хориглосон бараа бүтээгдэхүүнийг нууцаар хил давуулах зөрчил гарсаар байна.

-Хар тамхитай холбоотой тээвэрлэлт илэрсэн үү?

-Хилийн боомтоор бараа шалган нэвтрүүлэх ажиллагааг дэлхийн стандартад нийцүүлэн хийх нөхцөл боломжийг хангасан үед хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлт, тээвэрлэлт, хилээр нэвтрүүлэх үйлдлийг бүрэн таслан зогсоох боломжтой юм. Энэ чиглэлээр хилийн мэргэжлийн байгууллагууд одоо байгаа техник хэрэгсэл, нөхцөл байдлаа бүрэн дайчлан ажиллаж байна гэж боддог.

Ачаа барааны дамжин өнгөрөх урсгал, ачаалал хэт их байгаа нь аливаа төрлийн хяналт тавих ажилд муугаар нөлөөлдөг. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Эрээн хотын дотоодыг хамгаалах товчооны хар тамхитай тэмцэх байгууллагатай хамтран хар тамхи тээвэрлэдэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байгаа.

-Хил орчимд хэчнээн 469 маркийн авто машин нааш, цааш тээвэр хийж байна?

-Баяр ёслолын өмнөх өдрүүдэд 469 машин 800-900 хүртэл тоогоор ихсэж, баяр ёслолын дараагийн үед 300-400 болж буурч байдаг. Өнгөрөгч жилд эдгээр иргэдийг бүртгэлжүүлэх ажлыг сумын тамгын газартай хамтран зохион байгуулсан. Ихэнх хүмүүс уугуул иргэд биш. Замын-Үүд орчимд ажиллахаар ирээд суурьшчихсан хүмүүс байна. Сүүлийн жилүүдэд Замын-Үүд сумын хүн ам хурдацтай өсөж хот их тэлж байна.

-Танай аймгийн хувьд мал аж ахуйтай. Үүнийгээ дагаад малын хулгай ихтэй бүс нутагт тооцогддог шүү дээ. Малаа алдсан малчдын гомдол их ирэв үү?

-Малын хулгайн үйлдэл 2018 онд 30 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 16 хувиар буурсан байна. Айраг, Алтанширээ, Иххэт, Даланжаргалан зэрэг Хэнтий аймагтай хиллэдэг сумдууд ихэвчлэн малын хулгай гарах гээд байдаг. Хэргийн илрүүлэлт 51.1 хувьтай байгаа. Энэ сард эдгээр сумын нутагт “Таван эрдэнэ” нэртэй ажиллагаа явуулж 16 тооны малыг найман үйлдлээр хулгайлсан найман холбогдогчтой хэргийг илрүүлээд шалгаж байна. Цаашид энэ төрлийн хэргийг бүрэн илрүүлэх зорилготой байна.

-Томоохон боомт, хилтэй аймагт биеэ үнэлэлт, хүүхдийн хулгай нэлээд гаардаг. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын талаар мэдээлэл өгөөч?

-Аймгийн хэмжээнд биеэ үнэлсэн болон бусдын биеийг үнэлүүлсэн тохиолдол сүүлийн хоёр жилд бүртгэгдээгүй байна. Харин Замын-Үүд боомтоор гараад хилийн гадна буюу Эрээн болон бусад хотуудад биеэ үнэлэх асуудал байгаа, энэ талаар Эрээн хотын дотоодыг хамгаалах товчоотой мэдээ мэдээлэл солилцон ажиллаж байгаа. Хилийн цаана гараад төрж байгаа эмэгтэйчүүдийн талаар тооцоо судалгаа явуулж, холбогдох эрх зүйн орчинг шинээр бий болгох шаардлагатай.

-Д.Сэржмядаг охины хэрэг өнөөдрийг хүртэл илрээгүй байна. Энэ хэргийг хаачихсан уу, юу болж байгаа вэ?

-ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн албаны туршлагатай алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.Хэргийг хаасан зүйл байхгүй, шалгах ажиллагаа байнга явагдаж байгаа. Сэржмядаг охин алга болсноос өөр хүүхэд алга болсон тохиолдол гараагүй байна.

Хүүхэд ор сураггүй алга болох явдал дахин гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг даргад санал хүргүүлж бага насны хүүхдийг “Гараас гарт” дамжуулан хүлээлгэн өгч байх 12 заалт бүхий албан даалгавар гаргуулан хүүхэдтэй ажилладаг бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд хүргүүлж, албан даалгаврын биелэлтийг цагдаагийн газраас шалгаж дүнг хоёр удаа хүргүүллээ. Энэ албан даалгавартай холбоотой үүргийг байгууллагын дотоод журамд оруулан мөрдүүлэх ажлыг эрчимжүүлнэ.

Сургууль цэцэрлэгийн орчныг телекамерын хяналтад оруулах чиглэлээр мөн аймгийн Засаг даргын захирамжийг гаргуулан холбогдох албан тушаалтанд хүргүүлснээр аймгийн төвийн 14 цэцэрлэг, таван сургууль, Замын-Үүдийн есөн цэцэрлэг, дөрвөн сургууль, сумдын 12 цэцэрлэг, 12 сургууль бүгд орчиндоо бичлэг хадгалдаг камерын хяналттай боллоо. Үүнээс гадна өнөөдрийн байдлаар Замын-Үүдэд 38, Аймгийн төв дээр 69 камерыг цагдаагийн газрын 24 цагийн хяналтан дор ажиллуулж байна.

-Айраг, Даланжаргалан сумдад жоншны хэд хэдэн боловсруулах үйлдвэр бий. Мөн иргэд ч жонш олборлож байгаа. Байгаль орчин, уул уурхайтай энэ бүс нутагт хэрэг зөрчлийн гаралт өндөр үү?

-Манай аймаг уул уурхайн ашигт малтмалын нөөц ихтэй. Айраг, Даланжаргалан, Өргөн, Эрдэнэ сумын нутгийг хамарсан хайгуулын лиценз олгогдсон байдаг. Нийт 436 лиценз олгогдсоноос ашиглалтын 181, хайгуулын 225 лиценз байна. Жоншны баяжуулах үйлдвэр найм бүртгэлтэйгээс дөрвөн үйлдвэр ажиллаж байна. Үйлдвэрүүдэд гадаадын иргэд улирлын чанартай ажилладаг. Уул уурхайн үйлдвэржилттэй холбоотойгоор тоосжилт, замын эвдрэл, хөрс сулрах байдал ажиглагдаж байгаа. Үүн дээр зөвшөөрөлгүй буюу хууль бус гар аргаар ашигт малтмал олборлох зорилготой нинжа байдлаар газар ухдаг хүмүүс явуулын хэлбэртэй байдаг. Энэ нь цагдаагийнхны ажлыг хүндрүүлдэг.

-Хамрын хийд, энергийн төв орчимд олгогдсон тусгай зөвшөөрөл иргэдийн бухимдлыг төрүүлж буй. Энэ байдалд орон нутгийн цагдаагийнхан ямар үүрэгтэй оролцож байгаа вэ?

-Анх 2007 онд энэ хэсэгт хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Хууль бус байна уу, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах гэж байна уу гэдгийг нь шалгасан. Ашигт малтмалын тухай хуульд нийцсэн бичиг баримт зөвшөөрөл олгогдсон байсан. Иргэд, гаднын хөрөнгө оруулалт талуудын зөрчил, мөргөлдөөн гарах вий гэдэг дээр хэв журам сахиулж ажиллаж байна. Зөөж, зөөвөрлөсөн гэдэг асуудал байгаа ч энэ нь Мэргэжлийн хяналтын болон холбогдох эрх бүхий байгууллага албан тушаалтанд харьяалагдах асуудал юм. Үйл ажиллагаа явуулах эрхийг цуцлах асуудал нь нь Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын эрх мэдлийн асуудал.

-Гаднын иргэд Монголын нутаг дэвсгэр дээр хэрэг зөрчилд холбогдох асуудал олшроод байх шиг?

-Гадаадын иргэнээс гэмт хэрэг үйлдсэн, өртөж хохирсон тохиолдол сүүлийн хоёр жил бүртгэгдээгүй байна. Манай аймгийн гадаадын иргэн харьяатын албаны зүгээс гадаадын иргэнд Монгол Улсын хууль тогтоомжийг сайтар тайлбарлан ойлгуулж, заавар зөвлөмж өгдөг талаараа бидэнд танилцуулсан.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 7 цаг 16 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 7 цаг 17 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 7 цаг 18 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 7 цаг 19 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 7 цаг 22 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 7 цаг 23 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 7 цаг 24 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 7 цаг 26 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 7 цаг 27 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 7 цаг 29 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 7 цаг 30 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 7 цаг 31 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 7 цаг 33 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 7 цаг 34 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 7 цаг 35 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 7 цаг 36 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 7 цаг 37 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 7 цаг 39 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 7 цаг 40 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 7 цаг 41 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top