x

Х.Нямбаатар гишүүнийг АТГ-т өгсөн

iNews.mn” сайтын сэтгүүлч Ц.Булганзаяа "Өдрийн сонин"-д ярилцлага өгчээ.

-Хоёр өдрийн өмнө Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тантай холбоотой шүүх хурал болсон. Шүүх Х.Нямбаатар гишүүнийг хохирогчоор тогтоож, цагдаагийн байгууллагаас танд оногдуулсан торгуулийн ялыг хэвээр үлдээсэн байна. Асуудал юунаас эхэлсэн юм бэ?

-Энэ оны зургадугаар сарын 27-нд iNews.mn сайтад “У.Хүрэлсүхийн Засгийн газар унах нүхээ өөрөө малтав” гэсэн гарчигтай нийтлэл гарсан. Энд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын боловсруулж өргөн барьсан хуулийн төслийг шүүмжлэн бичсэн. Хуулийн төсөлд “Засгийн газар болоод түүний харъяа байгууллагын гаргасан шийдвэр захиргааны хэргийн шүүхээр хянагдахгүй“ гэсэн нь захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас хохирсон иргэд шүүхэд гомдол гаргах эрхгүй болгож байна. Шүүхээр эрхээ хамгаалуулах иргэний эрхийг зөрчиж байна гэсэн агуулгатай нийтлэл л дээ. Захиргааны шүүх байхын ч хэрэггүй, татан буулгасан ч чадна шүү гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд нь УИХ-ын чуулган дээр, олон нийтийн өмнө телевизийн дэлгэцээр хэлсэн удаатай. Энэ тухай бичсэн нийтлэл.

-Тус нийтлэлд яагаад УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын нэр дурьдагдсан юм бэ?

-Хууль зүйн сайд Ц.Нямдорж дээрх үгийг хэлж, ярилцлага өгөхийн өмнө УИХ-ын гишүүн Х.Нямбаатар C1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон. “Захиргааны шүүхийн шүүгчид бүгд авлигачид. Анхан шат шүүхийн шүүгч 50 мянган ам.доллараас эхэлж, давах, хяналтын шатанд 100, 200 мянган ам.долларын хүртэлх авлига авдаг. Ийм шүүх Монголд хэрэггүй” гэж ярьсан. Яагаад тэрээр гэнэт Захиргааны шүүхийн талаар ингэж ярих болсон нь ойлгомжтой. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулж, захиргааны шүүхийг татан буулгана гэсэн Ц.Нямдорж сайдын заналхийлэлтэй Х.Нямбаатар гишүүний  яриа шууд холбогдож байгаа биз дээ. Энэ бол миний хардлага, олон нийт ч ийм дүгнэлт хийсэн. Энэ бүхэн дээр үндэслээд Ц.Нямдоржийн “утсан хүүхэлдэй” гэсэн хэрэг л дээ. Монгол хэлэнд утга шилжих гэж ойлголт байдаг. Хэн нэгний гар хөл болоод, захиа даалгаврыг гүйцэтгээд, ая данд нь тааруулаад яваад байдаг хүнийг зүйрлэж хэлдэг биз дээ.

-“Утсан хүүхэлдэй” гэж бичсэнээс болж, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм уу?

-Тийм гэж бодож байна. Яагаад гэвэл Х.Нямбаатар гишүүн хэрэг шалгах ажиллагааны явцад миний бичсэн нийтлэлд дурьдагдсан үйл, баримтыг няцаах ямар ч оролдлого хийгээгүй, эсрэг баримт нотолгоо гаргаагүй. Хууль, шүүхийн байгууллага ч үгүйсгээгүй. Зөвхөн “утсан хүүхэлдэй” гэдэг үгэнд үндэслэж “Х.Нямбаатарыг гүтгэсэн” гэдэг дүгнэлт гаргасан. Эхлээд харъяаллын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр зөрчлийн хэрэг нээгээд явж байтал өнгөрөгч наймдугаар сард Нийслэлийн прокурорын тушаалаар төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой зөрчлийн хэргийг ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтэст шилжүүлж, нэг дор төвлөрүүлэн шалгадаг болсон. Ингээд тус хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Цэрэнжаргал Зөрчлийн тухай хуулийн 6.21-д заасан гүтгэх зөрчил үйлдсэн гэж үзээд хоёр сая төгрөгийн торгууль ноогдуулсан. Би зөрчлийн зүйлчлэл болон оногдуулсан шийтгэлийн хүлээн зөвшөөрөөгүй учраас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж хоёр сар яваад сая шүүхийн эцсийн шийдвэрийг сонслоо.

-Та өөрийгөө хамгаалах ямар нотлох баримт гаргасан юм бэ? Цагдаагийн байгууллага яагаад танд үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулав?

-Уг нийтлэл гарахын өмнө “Веритас Партнерс” хуулийн фирмийн хуульч Б.Мэргэнийн ярилцлага News.mn сайтад нийтлэгдсэн. Уг ярилцлагад УИХ-ын Х.Нямбаатарын хөрөнгө орлогыг УИХ-ын гишүүн болохоос өмнө НИТХ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа гаргаж өгсөн хөрөнгө орлоготой нь харьцуулаад “Гэр бүлийн хамт 38 саяын орлоготой, 25 саяын машинтай, 15 сая төгрөгийн малтай, нэг байртай, иргэн бүрийн адил “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн хувьцаатай байснаа гишүүн болоод жилийн дотор яаж 160 саяын орлоготой, 50 саяын малтай, 90 саяын lexus 570 машинтай, хоёр байртай, 100 хувь эзэмшдэг гурван компанитай болсон бэ? Хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлагнана уу” гэсэн байдаг юм. Нийтлэлдээ баримт болгосон эхний эх сурвалж энэ. Х.Нямбаатар гишүүн үүнийг ч гэсэн гүтгэлэг гэж үзээд цагдаад гаргасан гомдолдоо дурьдсан байна лээ. Энэ бол АТГ-ын сайт дээр нээлттэй байдаг ХОМ-ээс авсан мэдээлэл. АТГ-аас албан ёсоор баримт болгож хэргийн материалд хавсаргасан байгаа. Дараа нь УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн чуулган, байнгын хороон дээр хэлсэн үг, гишүүн Ц.Даваасүрэнгийн Х.Нямбаатарт хэлсэн үг, Х.Нямбаатар гишүүний өөрийнх нь “Цензургүй яриа” нэвтрүүлгээр хэтэрхий цензургүй ярьсан ярианы бичлэгийг нотлох баримт болгож өгсөн. 

-УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өөрийгөө хамгаалах, зөвтгөх ямар баримт гаргасан юм бэ? Гомдлоо яг юу гэж бичсэн юм бол?

-Ямар ч баримт гаргаагүй. Зүгээр л “УИХ-ын гишүүний нэр хүндэд халдаж, гүтгэсэн” гэдэг гомдол байгаа. Цагдаагийн байгууллага нэг удаа дуудаж мэдүүлэг авсан байдаг юм. Тэнд нь “Би эдгээр компаниудыг өөрийн эхнэр Баярмаа, төрсөн дүү Нямаагийн хамтаар 2010-2012 онд үүсгэн байгуулсан” гэсэн байдаг. Хэрвээ тийм бол 2012-2016 онд НИТХ-ын гишүүн байхдаа яагаад хөрөнгө орлогодоо мэдүүлсэнгүй вэ? Хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй гэдэг чинь хөрөнгө орлогоо нуусан гэмт хэрэг мөн биз дээ. Тиймээс энэ асуудлаар нь Х.Нямбаатар гишүүнийг АТГ-т шалгуулахаар өгөөд байгаа. Хуулийн хугацаа нь нэг сарын дотор хариу өгөх ёстой боловч одоо хоёр дахь сардаа орчихоод явж байна. Шүүхийн маргаан дууссан учраас одоо энэ асуудлаа хөөцөлдөж хариултаа авна даа.

-Хэрэг шалгасан мэргэжилтэн “утсан хүүхэлдэй” гэдэг үгийг яагаад гүтгэлэг гэж үзсэн юм бол?

-Яагаад гэвэл нийтлэлд дурьдагдсан бусад зүйл бүгд баримтаар нотлогдож, тогтоогдож байсан учраас зөвхөн энэ үгэн дээр цагдаагийнхан “ажилласан” л даа. Хөндлөнгийн шинжээч хүртэл томилсон. Г.Цэрэнжаргал хурандаагийн өөрөө шинжээчээр томилсон МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгч, доктор профессор Ш.Баттөгс “Утсан хүүхэлдэй, хуулийн ченж гэдэг үг нь хүнийг гүтгэсэн, доромжилсон утгыг шууд илэрхийлэхгүй. Тухайн үйл, баримтанд тулгуурласан, хувь хүний үзэл бодол, үнэлэмжийн асуудал байна” гэсэн дүгнэлт гаргасан. Гэвч шинжээчийн дүгнэлтийг харгалзалгүйгээр шийтгэл оногдуулсан л даа. Хэрвээ шинжээчийн дүгнэлтийг үндэслэхгүй байсан бол яах гэж шинжээч томилсон байх вэ? Шүүх дээр ч мөн энэ асуулт тавигдаж байсан. 

-Зөрчлийн тухай хуулийн 6.21-д “гүтгэх” гэдгийг яг юу гэж тодорхойлсон байдаг юм бэ?

-“Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсвэл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан” гэж байгаа. Гэтэл миний бичсэн нийтлэлд нэг ч худлаа мэдээлэл, хуурамч баримт байхгүй. Байхгүй гэдгийг цагдаа ч, шүүх ч хүлээн зөвшөөрч байгаа. Хэрвээ “нэр төр гутаасан” гэж үзэж байгаа бол тэр чинь Иргэний хуулиар яваад нэр төрөө сэргээлгэдэг зохицуулалтай иргэний маргаан.

-Хэрвээ та өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа бол цаашид яаж эрхээ хамгаална гэж бодож байна?

-Хуулийн байгууллагын хувьд бол ажиллагаа дууссан гэж манай өмгөөлөгч хэлсэн. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хамгаалахаар Үндсэн хуулийн Цэцэд хандмаар байвч Цэцийн хуулиар энэ төрлийн гомдол, маргаан хүлээж авдаггүй. Зөвхөн УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцсэн эсэхийг л хянадаг шүү дээ. Тийм болохоор улс төрийн гэх үү, өөр аргаар л эрхээ хамгаалахаар тэмцэнэ байх даа. Зөвхөн энэ онд 108 сэтгүүлч Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн байна лээ. Дандаа гүтгэх гэдэг зүйл ангиар. Тэднээс зургаан сэтгүүлч шүүхэд хандаж, гурвынх нь нэхэмжлэлийг хангасан гэдэг мэдээллийг Глоб Интернэшнл ТББ-аас өгч байна. Зөрчлийн хуульд “гүтгэх” гэмт хэргийг оруулсан нь буруу л даа. Гэхдээ хууль хэрэглэж байгаа хуулийн байгууллагынхны ч бас буруу байна гэж би харсан. “Хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон хуурамч мэдээллийг тараах” гээд зөрчлийнхөө бүрэлдэхүүнийг тов тодорхой биччихсэн байхад худлаа биш үнэн мэдээлэл дээр “гүтгэх” гэдэг зүйлчлэл хэрэглэнэ гэдэг чинь нэг бол хуулиа мэдэхгүйгээр хүн хорлож байгаа, үгүй бол санаатайгаар хэн нэгний эрх ашигт үйлчилж байгаа хэрэг. “Төрийн өндөр албан тушаалтнууд” гээд нэг хэсэг эрх мэдэл бүхий хэсэг хүмүүсийн гомдлыг нэг дор бөөгнүүлж байгаад захиалгаар яллах ажиллагаа явуулаад байгаа юм биш үү?     

-Та  УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай уулзсан уу?

-Уулзаагүй, уулзах шаардлага ч байгаагүй. Тэр хүн намайг өөрийг нь “гүтгэсэн” гэж цагдаад өгсөн болохоор зорилго нь тодорхой. Хэрвээ үнэхээр нэр төрд нь хохирол учраад, үндэслэлтэйгээр гомдсон байсан бол нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж болох байсан шүү дээ. Зөрчлийн хуулиар би хоёр сая төгрөгөөр торгууллаа гээд Х.Нямбаатар гишүүний нэр төр сэргэхгүй. Эсрэгээрээ унаж байж магадгүй.

-Зургаан сар хэрэг маргаан өрнөж байхад Х.Нямбаатар гишүүн тантай ямар нэг байдлаар холбогдоогүй гэж үү?

-Үгүй. Харин давж заалдах шатанд гомдол гаргасны дараа манай сэтгүүлчдээс нэг, хоёр нь надтай уулзаж, утсаар ярьж “Эвлэрэх юм биш үү?” гэдэг санал тавьж байсан. Нэг нь бүр “Хоёр сая төгрөгийн торгуулийг гишүүн төлчихнө. Тэгээд эвлэрчих” гэсэн. Хоёр сая төгрөг надад байхгүй, сэтгүүлчид ядуу нь үнэн. Гэхдээ арай ч ингэж доромжилж болохгүй. Би надад санаа тавьсан сэтгүүлч дүүд гомдоогүй. Сэтгүүлч нь сэтгүүлчээ арай ингэж доромжлохгүй байх. Тийм болохоор Х.Нямбаатар гишүүний үг юм байна гэж ойлгосон.

Б.Уранчимэг "Өдрийн сонин"

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Баярт (202.9.43.29)
    Энэ ЖДҮчин тоодгор тѳлгѳн коммунист даварчихсаг хулгайч юмаа.
    2019 оны 12 сарын 31 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 11 цаг 45 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 11 цаг 46 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 11 цаг 47 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 11 цаг 48 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 11 цаг 50 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 11 цаг 51 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 11 цаг 53 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 11 цаг 55 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 11 цаг 56 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 11 цаг 58 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 11 цаг 59 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 12 цаг 0 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 12 цаг 1 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 12 цаг 3 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 12 цаг 4 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 12 цаг 5 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 12 цаг 6 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 12 цаг 8 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 12 цаг 9 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 12 цаг 10 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top