Олон хүн хайртай хүнээ гэгээн дурсгал болгон, огторгуйн нэгэн одод нэрийг нь олгохыг хүсдэг. Гэвч бодит байдал дээр энэ хүсэл нь зөвхөн сайхан сэтгэлийн бэлгэдэл байхаас цаашгүй бөгөөд хуулийн болон шинжлэх ухааны хувьд ямар ч хүчинтэй шийдвэр болдоггүй.
Сүүлийн жилүүдэд “од нэрлэх” үйлчилгээ үзүүлдэг компаниуд олширсон. Тэд тодорхой хэмжээний төлбөрийн хариуд нэргүй оддыг сонгон авч, таны хүссэн нэрийг өгч, “сертификат” гаргаж өгдөг. Гэхдээ энэ нь зөвхөн тухайн компанийн дотоод мэдээллийн санд бүртгэгдсэн бөгөөд шинжлэх ухааны байгууллагууд, одон орон судлалын нэгдсэн системд хүлээн зөвшөөрөгддөггүй.
Бодит амьдрал дээр сансрын биетүүдийг нэрлэх албан ёсны эрх нь зөвхөн Олон улсын одон орон судлалын холбоо (International Astronomical Union, IAU)-д хадгалагддаг. Тус холбоо нь НҮБ-ын нэрийн өмнөөс сансрын биетүүдийн нэрийг баталгаажуулах цорын ганц эрх бүхий байгууллага юм. Нэрлэх үйл ажиллагаа нь домог зүй, уран зохиол, олон орны хэл соёлын тэнцвэрийг харгалзсан, тусгай комиссоор дамжин явагддаг.
Иймээс хэн нэгний нэрийг одод “өгнө” гэх үйлчилгээ нь зөвхөн хувийн сэтгэлийн бэлэг төдий бөгөөд шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдөхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
Эх сурвалж: Skygazer.ru