Дэлхийн их гүрнүүдийн дунд сансарыг эзэмших өрсөлдөөн улам хурцдаж байна. Энэхүү өрсөлдөөн нь технологи, шинжлэх ухааны дэвшил гэхээсээ илүүтэй геополитикийн зөрчилдөөн, цэргийн давуу талыг бий болгох зорилготой болж хувирчээ. Тухайлбал, АНУ-ын Зэвсэгт хүчний Сансарын командлалын тэргүүн, генерал Стивен Уайтинг сансарт зэвсэг байрлуулах шаардлагатай хэмээн мэдэгдэв. Тэрбээр "АНУ ялахын тулд сансрын орон зайд стратегийн давуу байдлыг бий болгох ёстой" гэж онцлон хэлсэн байна.
Генералын энэ мэдэгдэл нь зөвхөн нэг хүний байр суурь бус, олон улсын түвшинд өрнөж буй сэтгэлзүйн дайн, шинжлэх ухаан-техникийн уралдаанд АНУ хэрхэн хандаж байгааг илтгэж байна. Улс орнууд сансрын салбарт илүү хүч нөөц хуваарилж, хиймэл дагуул, радар, мэдээллийн системийг сайжруулж байгаа нь зөвхөн энхийн зориулалттай бус болохыг ч шинжээчид анхааруулж буй. Зарим ажиглагчид энэхүү зэвсэглэл нь эргээд сансрын орчныг аюулд оруулж болзошгүй хэмээн болгоомжлоод байна.
Нөгөөтэйгүүр, энэхүү санаачилга нь олон улсын гэрээ, тухайлбал 1967 оны “Сансрын гэрээ”-тэй зөрчилдөх эрсдэлтэй. Энэ гэрээнд сансрын орон зайг зөвхөн энхийн зорилгоор ашиглана гэж заасан байдаг. Гэвч практикт улс орнууд энэ заалтыг тойрч, цэрэг-стратегийн ашиг сонирхлоор тайлбарлан өөр өөр байр суурь илэрхийлсээр байна.
Сансарт хүний хөл тавьсны 63 жилийн ой энэ долоо хоногт тохиож байна. Үүнтэй холбогдуулан сансар судлал, хар нүхний аюул, Сарны харанхуй талын тухай олон нийтэд сонирхолтой тайлбар, мэдээлэл өгч буй ч үүнтэй зэрэгцэн цэрэгжилтийн асуудал сөхөгдөж, дэлхийн ирээдүйг тодорхойлох түвшинд хүрээд буйг энэхүү мэдэгдэл харуулж байна.
Эх сурвалж: Известия