Худалдааны дайны нөхцөл байдал улам даамжирч, хөрөнгө оруулагчид эрсдэл багатай хөрөнгө рүү тэмүүлж буй энэ үед нэг унц алтны ханш 3219.73 ам.долларт хүрч, түүхэн дээд үзүүлэлт тогтоолоо. Энэ нь зөвхөн энэ долоо хоногт 5 гаруй хувийн өсөлттэй гарсан дүн юм. Үүний гол шалтгаан нь ам.долларын ханш огцом суларч буйтай холбоотой гэж “Tastylive” фирмийн шинжээч Илья Спивак тайлбарлав.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын бараанд ногдуулах гаалийн татварыг 145 хувьд хүргэсэн нь гадаад худалдаанд хүчтэй цохилт өгч, АНУ-ын хөрөнгийн зах зээлийн гол индексүүд унахад хүргэв. Үүнтэй зэрэгцэн олон арван оронд ногдуулах татварын хүчин төгөлдөр болох хугацааг 90 хоногоор хойшлуулсан нь эдийн засгийн тодорхойгүй байдалд түлхэц болсон юм.
Хятад улс ч мөн адил АНУ-ын бараанд ногдуулах татвараа нэмэгдүүлэх талаар мэдэгдэж, 84 хувиас ч дээш өсгөж болзошгүй нөхцөл үүсээд байна. Энэ нь зах зээлд итгэл алдуулж, хөрөнгө оруулагчдыг уламжлалт аюулгүй хөрөнгө болох алт руу чиглүүлжээ. “Capital.com” сайтын шинжээч Кайл Родда “Алтны ханш цаашдаа 3500 ам.долларт хүрч болзошгүй” гэж анхааруулсан байна.
Татварын ачаалал нэмэгдэж, валютын эрсдэл нэмэгдэхийн зэрэгцээ:
-
Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулах магадлал
-
Төв банкуудын алтны эрэлт
-
Ойрх Дорнод болон Европт үүсээд буй геополитикийн эрсдэлүүд
-
Алтаар баталгаажсан биржийн арилжааны сангуудад хөрөнгө оруулалт нэмэгдсэн зэрэг хүчин зүйлүүд алтны ханш өсөхөд шууд нөлөөлж байна.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл (1)