Австралийн ойрын зайн гүйлтийн ирээдүйтэй тамирчин Гоут Гоут 100 метрийн зайд хоёр ч удаа 10 секундээс дотогш гүйж чадлаа. Тэрбээр Перт хотноо болж буй Хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр эхлээд 9.99 секунд, дараа нь дахин ижил хугацаанд барианд орсон юм. Гэвч хоёр уралдаанд аль алинд нь салхины хурд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тул амжилтыг нь албан ёсоор бүртгэсэнгүй.
Өдгөө 17 настай Г.Гоут энэ гүйлтүүдээрээ өөрийн авьяас, хурдны нөөцийг олон улсад харуулж чадлаа. Тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар сард ердөө 16 настайдаа 200 метрийн зайг 20.04 секундэд туулж, энэ насандаа Ямайкийн домогт тамирчин Усэйн Болтын дээд амжилтыг ахиулсан юм. Түүнчлэн Брисбэнд болсон тэмцээнд 20.05 секунд гүйж, энэ оны хувьд дэлхийн шилдэг үзүүлэлтийг үзүүлж байв.
Г.Гоут 100 метрийн зайд 10 секундийн босгыг хоёр удаа давсан ч, салхины хүчин зүйлсээс болж дээд амжилтад тооцогдсонгүй. Гэсэн ч энэ гүйлт түүнийг 2025 онд Японд болох дэлхийн аваргын гол өрсөлдөгчдийн нэг болохыг харууллаа. “Энэ бол миний хүсэн хүлээж байсан амжилт. Маш их баяртай байна” хэмээн Г.Гоут сэтгэгдлээ хуваалцсан юм.
Тэрбээр гуравдугаар сард 10.03 секунд гүйж Австралийн шилдэг амжилтыг үзүүлсэн Лаклан Кеннедитэй 100 м-ийн зайд өрсөлдөхөөс зайлсхийж, 20 хүртэлх насны ангилалд өрсөлдөхөөр шийдээд байна. Харин Кеннеди энэ долоо хоногийн бямба, ням гарагт 100, 200 метрийн зайд хурд хүчээ сорих юм. Хоёр тамирчин ням гарагт 200 м-ийн зайд өрсөлдөнө.
Өмнөд Суданаас цагаачлан ирсэн гэр бүлд Австралид төрсөн Г.Гоутыг олон хүн Олимпын найман алтан медальт Усэйн Болттой зүйрлэж эхэлсэн бөгөөд Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Себастьян Коу “Түүнийг халамжилж, хамгаалах хэрэгтэй ховор авьяастан” хэмээн тодорхойлсон байна.
Эх сурвалж: Австралийн Хөнгөн атлетикийн холбоо, [AAP News]
Сэтгэгдэл (1)