Фламандын уран зургийн суут төлөөлөгч Питер Брейгель ах буюу Эцэг Брейгел нь дүрслэл, бэлгэдэл, нийгмийн шүүмжлэлийг уран нарийн нийлүүлж чаддаг авьяастан байв. Түүний бүтээлүүд бол зөвхөн уран зургийн гайхамшиг бус, мөн философийн гүн гүнзгий эргэцүүлэл, ардын амьдралын түүх, бэлгэдэлт дохио зангаа бүхий нийгмийн хөрөг юм. Доорх таван зураг бол түүний оюуны болон уран сайхны оргил бүтээлүүдийн төлөөлөл юм.
1. “Фламандын зүйр үгс” (1559)
Энэ зурагт Брейгель ард түмний дунд өргөн хэрэглэгддэг зүйр үгсийг амьд дүрслэл болгон буулгасан. Нэгэн тосгонд амьдарч буй хүмүүсийн янз бүрийн үйлдэл бүр нь тодорхой зүйр үгний дүрслэл бөгөөд эдгээр нь хүний мунхаглал, шунал, эргүү ухааны элэглэл болон харагдана. Түүний ертөнцийг харсан өнцөг “толгой нь эргэсэн хорвоо” гэж нэрлэгдэх болсон нь ч утга учиртай.
2. “Хүүхдүүдийн тоглоом” (1560)
Зурагт тухайн үеийн 80 гаруй тоглоом, хүүхдийн хөдөлгөөн, ааш араншинг бодитоор дүрсэлжээ. Энэ нь зөвхөн түүхэн мэдээлэл өгөөд зогсохгүй, нийгмийн бүтэц, хүүхдийн хүмүүжил, хөгжлийн талаар ч утга төгс ойлголтыг төрүүлдэг. Тэгсэн атлаа бүгд тоглож наадсан мэт боловч уйтгарт, хөнгөн хийсвэр ертөнцийг егөөдсөн утга агуулдаг.
3. “Вавилоны цамхаг” (1563)
Библийн түүхийг зээлдсэн энэ зураг нь хүний шунал, ихэрхлийг шүүмжилж, тухайн үеийн Европын улс төрийн бэлгэдэл болж хувирсан. Габсбургийн эзэнт гүрэн хэрхэн сарниж буйг төсөөллийн хэлээр гаргасан нь энэхүү сүрлэг цамхаг юм. Барилга нь төгс бус, суурь нь тогтворгүй, дотоод бүтэц нь зөрчилтэй — яг л эзэнт гүрний хувь тавилан.
4. “Цасан дундуур яваа анчид” (1565)
“Жилийн улирал” цувралын энэ зурагт өвлийн амьдрал, хүний болон байгалийн харилцан уялдаа, аж амьдралын жам ёсыг илэрхийлжээ. Хүний хөдөлмөр, амьдрахын төлөө тэмцэл, дэргэдэх тоглоом, дулаан илч гээд бүх зүйл амьд, аниртай, үзэсгэлэнтэй. Брейгель улирлыг зүгээр нэг цаг хугацаа бус, оюун санааны ахуйгаар дүрсэлжээ.
5. “Залхуусын орон” (1567)
Хоол хүнс дүүрэн, хөдөлмөргүй амьдралыг мөрөөдсөн түүхэн уламжлалыг элэглэн зурагласан бүтээл. Залхуурал, ханаж цадах мэдрэмжийн туйлд хүрсэн гурван хүний дүрээр хүний хүсэл, туйлшрал, хөнгөмсөг занг ёгтлон илэрхийлжээ. Энэ бүтээл бол дундад зууны Европын айдас, мөрөөдөл, шүүмжлэлийг нэг дор багтаасан егөөдлийн оргил юм.
Эцэг Брейгелийн бүтээлүүд бол өнгө, дүрсээр ярих философи юм. Түүний зургийг харахад та инээж ч магадгүй, гайхаж ч магадгүй. Гэвч эцэст нь өөрийнхөө тухай л эргэцүүлж эхэлнэ.
Сэтгэгдэл (1)