Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд “Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх” 24 дэх илтгэлийг 2025 оны гуравдугаар сарын 31-ний өдөр өргөн барилаа. Энэ удаагийн илтгэл нь хүний эрхийн тулгамдсан асуудлуудыг зургаан бүлгээр нарийвчлан хөндөж, бодлогын түвшинд анхаарал хандуулах шаардлагатай асуудлуудыг судалгаанд тулгуурлан дэвшүүлсэн байна.
Илтгэлийн хүрээнд дараах сэдвүүдийг багтаажээ:
-
Сонгох, сонгогдох эрх: 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа
Сонгуулийн үйл явц, иргэдийн тэгш эрх, саналын нууцлалыг хангаж чадаж байгаа эсэхийг дүгнэсэн бөгөөд энэ нь ардчиллын суурь зарчим хэрэгжих нөхцөл байдлыг харуулж буй чухал дүгнэлт болсон байна. -
Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал
Сэтгүүлч, өмгөөлөгчдийн мэргэжлийн аюулгүй байдал, хууль ёсны баталгааг сайжруулах шаардлага байгааг онцолжээ. -
Хүний эрх ба цахим технологи
Хувийн мэдээлэл, хувийн нууцын халдашгүй байдал, цахим орчин дахь хүний эрхийн зөрчилд дүн шинжилгээ хийсэн байна. -
Жендэрт суурилсан цахим хүчирхийлэл
Цахим орчин дахь жендэрт суурилсан хүчирхийллийн хэлбэр, түүнд оновчтой хариу арга хэмжээ авах асуудлыг дэвшүүлжээ. -
Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрх
Эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат бүрд хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаарх судалгааг багтаасан байна. -
Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт
Шүүхийн өмнөх болон дараах үе шатанд иргэний эрх хэрхэн хангагдаж байгаа талаар ХЭҮК-д ирсэн гомдлын дүн мэдээлэлд үндэслэн дүгнэлт боловсруулжээ.
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид илтгэлийн агуулгыг танилцуулахдаа хүний эрхийг хамгаалахын тулд зөвхөн хууль тогтоох төдийгүй бодит хэрэгжилтэд анхаарах шаардлагатайг онцолж, УИХ-ыг бодлогын шийдвэр гаргахад тус илтгэлийг ашиглахыг уриаллаа.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар.